Gallery

Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр

Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж яваа уран бүтээлчийг уншигчиддаа танилцуулах гэж буйдаа таатай байна. Зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр багаасаа бийр будаг нийлүүлдэг байсан ч 15 настайдаа зургийн дугуйланд явж, мэргэжлийн багштай болоод илүү мэргэжлийн түвшин рүү хичээж, сонирхох болсоноор түүний урлагийн их гараа эхэлсэн аж.  Сүүлийн арваад жил Герман улсад амьдрахын зэрэгцээ Германы Урлагийн их сургуулийн Урлагийн менежментийн чиглэлээр суралцаж дүүргээд  2010 онд “Зураг” хэмээх өөрийн галлерейгаа нээсэн байна.

“Зураг” галлерей

Тус галлерейг хэдийгээр монгол хүн нээсэн боловч, дэлхийн урлагийн галлерей гэж хэлж болно. Нээгдээд хоёрхон жилийн нүүр үзэж байгаа ч “Зураг” галлерейд 20 орчим үзэсгэлэн, 50 орчим урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдаад байна. Тэрбээр Голланд, Швед, Швейцарь, Франц, Япон, Чех, Энэтхэг зэрэг гадны улс орнуудын 60-аад үзэсгэлэнд оролцож байсан бөгөөд өнгөрөгч зун 28 дахь бие даасан “Отго арт”үзэсгэлэнгээ анх удаа Монголынхоо ард түмэнд дэлгэн танилцуулжээ.
Зураач Э.Отгонбаярын нэн тэргүүний зорилгод  дан ганц Европын орнуудад уран бүтээлээ туурвиад байхгүй холбоо сүлжээ, харилцаагаа улам сайжруулан Америк, Австрали тивд өөрийн гэсэн орон зайг бүрдүүлэх томоохон төлөвлөгөөтэй. Уран бүтээлийн асар том сүлжээтэй болно хэмээн зорьж яваа монгол залуу уран бүтээлч юм.

“Бидний  амьдарч байгаа нийгэмд хүн болгон бүхнийг чадах мэт өөрсдийгөө бодож байдаг. Үнэн хэрэгтээ  байгалийг хэзээ ч, хэн ч захирч чадахгүй. Хүний хийсэн үйлдлийн үр дүнд  байгаль дэлхий сүйрч, тогтвортой байдал алдагдаж, гамшиг, галт түймэр, цөлжилт явагдаж байна. Энэ болгоны хариуцлагыг хүн хүлээнэ. Ийм утгаар бүтээлээ “ХҮН” гэж нэрлэсэн юм” хэмээн урлаг судлаач зураач Э.Отгонбаяр ярьж байна. Түүний энэхүү бүтээлд 11 мянган хүнийг  “Бичил хүн”-ээр сэтгэж зурсан бөгөөд санаа нь хүн болгон адилгүй, өөр өөр ааш араншин, өнгө төрхтэй байдгийг харуулахыг зорьсон ажээ. Зургийг хүмүүс харахдаа олон өнгөний зохицол мэт ойлгоно. Ойртоод харах тусмаа олон төрлийн байрлалтай хүн гэдгийг мэдэх юм.

“Хүн” зураг 660 x 217 см
“Хүн” зураг 660 x 217 см

Зураач Э.Отгонбаяр: “Монгол зургийг хөгжүүлэх юмсан, орчин үеийн хандлагад оруулах юмсан гэсэн хүсэл зорилго олон уран бүтээлчдийн дунд байдаг байх. Манайхан зургийг “Уран зураг”, “Монгол зураг” гэж хоёр ангилж ярьдаг. Уран зураг манайд маш сайн хөгжсөн, уран бүтээлчид сүүлийн үеийн бүх чиглэлээр бүтээлээ туурвиж байгаа нь бахархууштай, харин бидний үндэсний урлаг болох монгол зургийн хөгжил тийм ч сайн биш байгаа нь ажиглагддаг. Монгол зураг гэхээр уламжлалт реализм санаанд буудаг энэ ойлголтыг өөрчилмөөр байна. Хэдий болтол нөгөө л нэг бурханы зураг, баатар, анчин, үлгэр домгийн сэдэвтэй аж байдлын хэлбэрээр байх ёстой юм бэ? Энэ сэдвээр олон зуун жилийн өмнө зурж л байсан шүү дээ. Монгол зургийн техник бол гайхамшигтай, үүнийг ашиглаж чөлөөт сэтгэлгээний орчин үеийн урлагтай хөл нийлүүлсэн зүйл хийх бүрэн боломжтой. Манай уран бүтээлчид маш их чадвартай, бүтээлүүд нь өөрийн гэсэн хэв маяг, донж төрхтэй байдаг нь сайхан. Монголын урлагийг олон улсад таниулахын тулд сайн менежмент л дутагдаж байна” гэж дурджээ.

Зураач, урлаг судлаач Э.Отгонбаяр

Үүнээс гадна тэрээр Монгол зургийн аргаар “Камасутра”-г маш нарийн зурсан нь гадна дотныхныг нэлээд гайхшруулаад байгаа сурагтай. “Камасутра”-гийн зургууд их жижигхэн хэмжээтэй, ойролцоогоор 1000 орчим хүнийг өөр өөр хөдөлгөөн, байрлалтайгаар дүрсэлснээрээ онцлогтой. Нэг хос буюу хоёр хүнийг насанд хүрсэн хүний чигчий хүрүүны хумсны толион дээр багтахаар жижиг зурсан ба эхлээд харвал зүгээр хээ хуар юм шиг, тогтоод эсвэл томруулаад харвал нүд хамар, тэр ч бүү хэл нүүрнийх нь төрх байдал нь мэдэгдэнэ. Эр эмийн ажлын тухай энэ сэдэв хаана ч нууцлаг байдаг, тэр утгаараа жижигхэн, нарийн нууцлаг зурсан хэмээжээ.

Хайрлах урлаг “Кама Сутра” Миниатур зураг
Хүмүүс – 02, гуаш, даавуу, 21 x 30 см, зурсан он 2004-2007

Монгол улс, монгол түүх, ёс заншлаа дэлхийд, гадныханд сурталчлах ажлыг зураач Э.Отгобаяр өөрийн зургаараа таниулж яваа уран бүтээлч юм. Монгол зургаас монгол комик стиль гарган Монголынхоо соёл урлагийг дэлгэрүүлэхэд тун тохиромжтойн дээр олон улсад бүх насныхан комик номыг ихээхэн сонирхдог дээр тулгуурлан “Монголын нууц товчоо”-г комик хэлбэрээр зурж амилуулан 2 боть, нийт 620 гариу хуудастай ном болгон хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна.

2 comments on “Европд нэрээ цуурайтуулж яваа Монгол зураач Э.Отгонбаяр

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s