Gallery

Хийвэл хийсэн шиг хийцгээе

Тайваны Нантау хотоор манайхан зочилсон юм. Sunmoon lake буюу Нарсар нуурын ойролцоох нэгэн цайны үйлдвэртэй бид танилцлаа. Хар, ногоон, оолүн гэх гурван төрлийн цайгаараа Тайвань улс алдартай. Цайны ургамалаас эхлээд шат дамжлагаар явсаар эцсийн бүтээгдэхүүн хэрхэн гаргадаг тухай тэдний мэргэжилтнүүд бидэнд тайлбарлаж байна. Экологи, эдийн засагт болоод хүн төрөлхтөнд ээлтэй, элдэв химийн  бодис үгүй жинхэнэ  байгалийн гаралтай цайг бэлтгэн гаргадаг аж. Үүнийг энд өгүүлсний учир нь жижиг гэлтгүй аливаа зүйлд сэтгэл зүрхээ зориулаад, сайн менежмент явуулах юм бол амжилт болоод ашиг орлого өмнөхөн нь байдаг гэдгийг хэлэх гэсэн юм.

цайны үйлдвэрийн дэргэдэх дэлгүүр

Тайванийг зорин ирсэн жуулчдыг тэрхүү цайны үйлдвэрээр зочлуулдаг, бүр аялалын маршрутад нь цайны үйлдвэр тусгагдсан байгаа нь нэг талаар аялал мэт боловч нөгөө талаар бодлогын чанартай аж. Өөрсдийн байгалийн жинхэнэ цэвэр цайгаараа тэд ихэд бахархадагийн нэг илрэл энэ гэж ойлгож болно. Биднийг цайны үйлдвэрт очихтой зэрэгцэн гадны олон жуулчид цугларсан байлаа. Цайгаа хэрхэн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргадагаа тайлбарласны дараа зочдыг үдийн хоолонд урьсан юм. Тэрхүү үдийн хоол нь хүний бие махбодид аюулгүй, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг орлохуйц уураг, эрдэс бодис их хэмжээгээр агуулагдсан жимс ногоо бүхий зохист хоол аж. Хүн төрөлхтөн дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх хамгийн оновчтой аргын нэгд амьтны амь таслахгүй, мах махан бүтээгдэхүүнээс татгалзах явдал болоод байгааг ярих болсон. Ийм сайхан мэдээллийг сонсож, нээрээ ч тийм дээ гэсэн эерэг зөв бодлыг агуулсан хүн мэдээж цайны амтанд татагдахгүй байхын аргагүй. Үүнийг ч бас тайванчууд бодож амжсан тул үйлдвэрийн жижигхэн нэг өрөөг өөрсдийн цайны дэлгүүр болгожээ. Үйлдвэртэй танилцлаа, мэдээлэл сонслоо, цай ууж хоол идлээ, сэтгэл хангалуун байгаа жуулчид хамгийн сүүлд нь тэндээс гарахдаа Тайваны үндэсний цайнаас худалдаж аваад явна. Дараа нь эх орондоо очсон жуулчин хар, ногоон, оолүн цайны талаар найз нөхөд эргэн тойрныхондоо ярина. Очихыг зөвлөнө. Тэд нь ч мөн Тайваньд очингуутаа хамгийн эхэнд цайны үйлдвэрт очихыг хүснэ. Энэмэтчлэн  сайн менежмент, сайн бодлогын ачаар эргэх холбоог үүсгэн олон жуулчдыг цайны үйлдвэртээ татаж тэр хэмжээгээрээ ашиг орлогоо нэмэгдүүлдэг юм байна даа хэмээн өөрийн эрхгүй бодогдов.
Хэрэв зээ яг үүн шиг монголчууд бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжин “Хөвсгөл”, “Тайга”, “Стимо” зэрэг  байгалийн цэвэр эмийн ургамлаар хийсэн цайнуудаа гадныханд сурталчилбал илүү гарна уу гэхээс дутахгүй. Нохойн хошууны цай бөөрний үйл ажиллагааг тэтгэж эмчилдэг, аньсны навчтай цай ханиад томууг дарахад онцгой ач холбогдолтой. Яагаад бид сав баглаа боодлыг улам сайжруулж, үйлдвэрлэлийн хүрээг нь тэлж болохгүй гэж. Энэ бол олзуурхууштай бөгөөд бодох л асуудлын нэг мөн. Хүний сэтгэлийг хэрхэн яаж хөглөж өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулах вэ гэдэг тал дээр Тайваньчууд үнэхээр мэргэшсэн гэж хэлж болохоор. Цайны үйлдвэрээс гадна олон зүйл дээр сайн менежмент харагдаж байсан. Үүний нэг жишээ бол Дарма драм ууланд орших Буддын сүм дээр тод ажиглагдсан юм. 16 жилийн турш сайн дурын хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулагдсан буддын сүмийг санаачлагч нь Мастер Шен Ен юм. Зургаан жилийн турш онгон дагшин Дарма драм уулын хөндийн нэгээхэн  хэсэг газрын ой модыг үндэстэй нь сугалан авч өөр газарт шилжүүлж суулгасны дараагаар  сүмийн барилгаа барьж эхэлсэн түүхтэй аж. Биднийг автобуснаасаа буухад тавь орчим насны эрэгтэй хөтөч орчин тойрныг танилцуулахаар угтан авсан юм. Амар амгалан ноёлосон энэ ууланд жуулчид бишгүйдээ ирдэг аж. Тэрбээр Сүмийнхээ түүх соёл, ёс заншлаа хэрхэн хамгаалах улам цааш нь дэлгэрүүлэх, бясалгал гэгч ямар шидтэй болохыг бидэнд тайлбарлан явна. Буддын сүм дэргэдээ шашны их сургуультай, суралцагч шавь нар нь сургуулийнхаа дэргэдэх дотуур байранд амьдардаг гэнэ. Мөн энд Мастер Шен Ен багшийн бичсэн товхимол, сургаал ишлэлүүдийг эмхэтгэсэн ном бүтээл их агаад түүнийгээ номын дэлгүүртээ худалдаалдаг байна. Зочилж ирсэн хүн бүхэнд тайваны буддын сүм хэрхэн үүссэн, үүний төлөө Шен Ен багш болоод сайн дурын хүмүүс хэрхэн гар биечлэн оролцож байсан зэрэг түүхийг өгүүлсэн танилцуулга

киног тусгай сургалтын танхимдаа үзүүлж байна. Үдийн алдад биднийг сүмийн зоогийн газарт цагаан хоол идүүллээ. Энэ бүхнээс харахад сүм гэдгийгжинхэнэ утгаар ажиллуулж, Дарма драм ууландаа сүмийн гайхалтай цогцолборыг бий болгожээ. Бид гандангаа ингэж сайхан хөгжүүлбэл сүсэгтэн олонд ч амар тайван, ая тухтай байх нь дээ хэмээн бодогдож байсан юм. Жижиг гэлтгүй аливаа зүйлд сайн менежмент, сайн бодлого чухлыг эндээс харж болно. Хийвэл хийсэн шиг хийх хэрэгтэй.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s