Gallery

Хөх судар ба Инжинаш

В. Инжинаш

Инжинашийн эцэг Ванчинбал нь угсаа залгамжилсан ноён Лхаванноровын их хөвүүн, Шударга бат хорооны тайж язгууртан хүн байжээ. Тэрээр Түмэд хошууны туслагч тайж байв. Шүлэг зохиол бичих, туурвих ажилд сүрхий гаршсан, гэрийн боловсрол төгөлдөр, эрт эдүгэгийн Монгол, Хятад, Төвд, Манж, Санскрит хэлний хэдэн зуун цадиг, шастир бүхий ном, судар арвин ихээр сурвалжилан цуглуулсан, уншиж судлах хийгээд цэргийн эрдэмд боловсросон төлөв төвшин, голч шударга нэгэн байжээ.

1843 онд Түмэд хошууныхоо Монгол цэргийг дайчлан дайнд мордсон бөгөөд бичиж эхлээд байсан “Хөх судар”-ыг дутуу орхихоос өөр аргаггүй байдалд хүрчээ.

1854 оны орчим В. Инжинаш эх нагацийн харьцаагаар баруун Харчин хошууны засаг ван Сэвэгдоржийн ордонд очиж түүний номын өргөөн дэх олон арван судар, номуудыг шимтэн уншсан байна. Тийн байхдаа Сэвэгдоржийн охинтой хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар ураглаж хуримлаагүй байхад нь хайртай бүсгүй нь нас барсан нь гүн хүндээр тусаж эцгийнхээ эхлүүлсэн “Хөх судар”-ыг гүйцээн бичих их ажилдаа эргэлт буцалтгүй оржээ.

Ванчинбал тайж хөвгүүдээ “гэрийн сургууль”-иар сургаж, Инжинашыг таван настайгаас нь гэрийн бичиг цээжлүүлж, дээд өвөг, эзэн богд Чингис хааны бадралыг цээжлүүлж байжээ. “Гэрийн сургууль”-д тэднийг 5-7 настайгаас нь сургаж эхлээд 8-9 жилийн хугацаанд үндсэн суурь мэдлэг олж аваад, юуны өмнө түүхийн сурвалжууд, гүн ухааны бичгүүд, ном судар, цадиг шастирийг Монгол, Төвд, Манж, Нанхиад хэлээр үздэг байсны заримаас дурдвал “Манжийн цагаан толгой”, “Тус тус сайн журмыг хичээлгэх 40 тэргүүн бичиг”, “Хүүхдийг сургах, дурдан ухуулах бичиг”, “Настан сайчуудын гэрийн сургааль”, “Гурван үсгийн бичиг” зэрэг манж хэлний ном, “1000 үсгийн бичиг”, “Дөрвөн бичиг”, Күнзийн намтар, эртний Хятадын угсаа залгамжилсан их хаадын алдаа онооны тухай өгүүлсэн мэргэдийн сургаалийг эмхтгэсэн “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундад бичиг”, “Алтан улсын судар”, Их Ляо, Алтан, Их Юан зэрэг гурван улсын бичгийг уншин судлаж байлаа.

Ванчинбал тайжын хөвгүүд уран зохиол, орчуулах эрдэм, урлаг, түүх гүн ухаан онолын хичээлийг сонгож авсан ажээ. Инжинаш 12 жилийн “гэрийн сургууль”-иар бичгийн өндөр боловсролыг эзэмшиж, “Шударга бат хороо”-ны гэрийн хүрээлэнд ахан дүүсийн хамтаар суралцаж, шүлэг зохиол бичиж, харилцан шүүн маргаж, Нанхиадын түүх шастир орчуулж, онол, гүн ухаан хэлэлцэж, уран зураг зурж, бийр бэхэс, цаас нийлүүлж байсан нь бага, идэр үеийнх нь өсөн өндийж, хүрээлсэн бодит ахуй, гэгээн орчин байлаа.

Инжинаш “Хөх судар”-ыг туурвихдаа өөрийнх нь тэмдэглэснээр доорх арван анги судрыг үзэж судласан байдаг. Үүнд: 1. “Мандсан төрийн хөх судар”, 2. “Чадагчийн эрхт хаадын үндэс”, 3. “Хөх Монголын чадагчийн цадиг”, 4. “Алтан үрстийн дөт түүх”, 5.  “Далай ламын залуусын хурим”, 6. “Алтан урагтны сэтгэлийн цэнгэл”, 7. “Чингис хааны сул шастир”, 8. “Богд Чингисийн орчлонгуудын хэлэлцээ”,  9. “Их Юан улсын төвийн судар”, 10. “Тун жиян Ган-му” зэрэг судрууд багтаж буй юм. Тэрээр түүхийн үнэнийг гажуудуулахгүйгээр бичихийг эрмэлзсэн бөгөөд “…хожмын мэргэд энэ арван зүйлийн судрыг бүртгэн үзэхүй дор машид төвөг, яршиг болохын тул тайж Инжинаш би гээгдэж орхигдуулсан бүхнийг үсэг бадаг дараалан цөм эрэн бүртгэн гаргаж, хамтаарыг цөм үес үест нь бүртгэн оруулж бүрэн бүтэн болгож Монголын уг учраа мэдсүгэй хэмээгчдэд хялбар болгов ” хэмээн бичжээ. “Хөх судар”-ыг бичих ахуйдаа идэх хоол, унтах нойрыг умартан ажилласнаас “…үс цайж, царай атиран, мах турж, шөрмөс сунахуйд хүрсэн” хэмээжээ.

Бидний үед уламжлагдан ирсэн “Хөх судар”-ыг Инжинаш 120 бүлэг дуустал бичсэн гэдэг боловч одоогоор 69 бүлэг нь олдоод байгаа билээ. Энэ нь 1161-1241 он хүртэлх үеийн Монголын түүхийг уран сайхнаар дүрсэлсэн бүтээл юм.

“Хөх судар”-ыг хэвлэхдээ зарим зүйлүүдийг ихээхэн алдаатай хэвлэсэн тухай доктор (Ph.D) Б. Хишигсүх “Хөх судар”-ын хоёр эхийн утга, уран сайхны харьцуулсан судалгаандаа тодорхой өгүүлсэн байдаг. Мөн тухайн үед хэвлэлийн газарт(бархан) ажиллаж байсан хүмүүс дийлэнхдээ монгол монгол бичиг үсгийг огт мэддэггүй байснаар үл барам зөвхөн барлахад бэлэн болгосон зүйлийг хийж гүйцэтгэх л үүрэгтэй байсан нь ном судрыг алдаа мадагтай хэвлэхэд хүргэж байсны илрэл нь “Хөх судар”-ын хожуу үеийн хэвлэл бэлхэнээ харуулж буйг дурджээ.

Дорно дахины улс үндэстний хувьд ном унших биш, ном дуудах, хайлах гэсэн ойлголт бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл номыг аялгуулж хэлэх ёсон бөгөөд ялангуяа төвд хэлний олон арван судрыг дуудахад тогтсон айзам хэмнэл бий. “Хөх судар”-ын зарим нэг газруудад шүлгийн яруу сонсголонтой байх зарчмыг баримтлан айзам хэмнэлээр дуудан бичсэн байх тал бийг судлаач олж тогтоожээ.

Инжинашыг насан эцэслэхийн өмнөх жил гэр хороог нь галдсанаас, Ус мөрөн үерлэснээс болж түүний гар бичмэл, ном судрууд ихээхэн шатаж үгүй болжээ.

Тэрээр ухамсарт амьдралынхаа ихэнхийг бийр цаастай нөхөрлөж, Чин гүрний харгис бодлогыг эсэргүүцэн тэмцдэг байсан боловч их улс доторх цөөнх үндэстэн тул арга буюу хүчин мөхстөж тэмцэлээ уран бүтээлдээ шингээн гаргадаг байжээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s