Gallery

Ураан монголын эдийн засагт мөнгөн дүнгээрээ их ашиг өгөхгүй

Монголын ураныг гадныхан төдийгүй монголчууд сүүлийн үед алт зэснээс илүүтэй сонирхох болов. Ураан гэгч энэхүү газрын баялаг монголын нүд алдам тал нутгийн хөрс шороонд их хэмжээгээр оршдог байна. Тоогоор өгүүлбэл дэлхийд  гурван сая орчим тонн урааны нөөц байгаа нь батлагдсан гэх ба үүний нэг хувьтай тэнцэхүйц нь манайд байдаг гэх. Зарим шинжээчид монголын урааны нөөц 1,39 сая тонн гэж тооцоолжээ. “Манай улс дэлхийд урааны нөөцөөрөө 14 дүгээрт жагсдаг” гэсэн мэдээлэл цөөнгүй хэвлэлүүдэд гарсан. Энэхүү баялагаас багагүй мөнгө олох боломж бий гэж үзээд Засгийн газар урааны хайгуул, ашиглалт явуулах харилцааг олон улсын жишиг түвшинд зохицуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулах, урааны чиглэлээр хийх геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, Эрдэс баялаг” хөтөлбөрийн хүрээнд “Уран” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Гагцхүү санхүүжилтын асуудлаас шалтгаалан одоогоор түр зогсоод байгаа аж.

Одоогийн байдлаар лиценз эзэмшээд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас “Дорнодын  ураны орд”  нэлээд томоохонд нь тооцогддог байна. Уг орд нь Дорнод, Мардай, Гурванбулаг гэсэн үндсэн гурван хэсгээс бүрддэг бєгєєд тус ордод улсын хэмжээнд  А болон В зэрэглэлээр тогтоосон бүх нөөц  багтдаг аж. Энэ орд газрын хамгийн том хэсэг болох Дорнодын орд газрыг 1995 оны гурван талын гэрээний дагуу байгуулагдсан Монгол-ОХУ-Канадын хамтарсан “Төв Азийн Уран ХХК“ эзэмшдэг ба дүрмийн сангийн 21 хувийг Монголын тал буюу ТӨХ,  мөн 21 хувийг ОХУ, үлдэх 58 хувийг Канадын “Хан ресурс“ ХХК эзэмшиж байна. Мардай болон Гурванбулагийн орд газруудыг “Адамс майнинг“, “Вестерн проспектор“ зэрэг томоохон компани  эзэмшдэг ажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгэм, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний стратегийн түүхий эд- урааны талаар Уурхайн инженерийн эдийн засагч, МУИС-ийн багш, Доктор С.Авирмэдтэй ярилцснаа уншигчиддаа хүргэе.

– Ураан нь бусад ашигт малтмалыг бодвол эдийн засаг, улс төрийн агуулгатай түүхий гэж үздэг. Гэтэл ураантай холбоотой  манайхны хамгийн сайн мэдэх зүйл үвэл Чернобеллийн атомын цахилгаан станцын аймшигт сүйрлийн тухай бид мартаагүй байгаа. Ураны талаарх таны бодлыг сонсьё.
Энд би нэг түүхийг ярья. 1990 оныг хүртэл ураны салбар манайд хаалттай байсан шүү дээ. Цацраг идэвхт бодис, цацраг идэвхт ашигт малтмалын талаарх ойлголт үндсэндээ 90-ээд оноос хойш нээгдэж эхэлсэн гэж ойлгож болно. Одоо ч төдийлөн ил тод болоогүй л байна. Ураны хайгуулын ажил 1970, 80 онд Оросууд дагнаж монголчуудад мэдэгдэлгүйгээр “Геологи зураглал”-ын хаалттай экспедицийнхэн хийдэг байсан. Анх 1986 онд сайд нарын зөвлөлөөс гэнэтхэн намайг дуудаж Дорнодын ураны орд болох 45 мянган ураны ислийн нөөцтэй Мардай, Гурванбулаг гээд гурван том ордын  хажууд байрлах Улааны ордод хар тугалга, цайрын агуулга ямар байвал ашигтай, нөөц нь ямар байх ёстойг тандаж судал гэсэн надад даалгавар өглөө. Удаа дараалан би тандалт хийв. Гэтэл нэг өдөр Засгийн газрын шийдвэрээр ОХУ-руу тусгай томилолтоор ураны ордын эдийн засгийн үнэлгээний анхны хувь ямар байдаг вэ гэдгийг мэдэх зорилгоор намайг явуулахаар болов. Тэр үед ураны талаар надад ямар ч ойлголт байхгүй. Ерөөсөө тэр үед монгол мэргэжилтнүүд, бүх салбарын инженерүүд над шиг л байсан. Тухайн үед улс төрийн товчооны гишүүн н.Рагчаа гуай анхны ураны ордын наймааг ашиглах, гэрээ хийхэд гар биечлэн оролцсон байгаа юм. Тэр гэрээний үндсэн ноорог нь ерөөсөө мэргэжлийн хүмүүст танилцуулгүйгээр яг одооны Оюутолгойн гэрээний нэгэн адил хоёр талаас шууд гарын үсэг зурсан байсан.

Үүнийг  сүүлд нь мэдээд ер нь мэргэжилтнүүдийг оролцуулахгүй бол болохгүй нь гээд асуудлыг зохицуулах зорилгоор газрын дарга, яамны сайд, тусгай мэргэжилтэн зэрэг бидний хэдэн хүнийг тийш нь явууллаа. “Дундад төмөрлөг” гэдэг ураны аж үйлдвэрийн яамны холбогдох хүмүүстэй бид уулзлаа. Тухайн үеийн ордын наймаа, нөөц, эдийн засгийн үнэлгээг нь хартал маш өчүүхэн жаахан хэсгийг нь авахаар наймаа хийсэн байдаг юм байна. Байгаль орчинд үзүүлэх хортой үр дагавар, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийн тухайд тэр үед бид “энэ бол аюултай” гэсэн ерөнхий нэг ойлголттой явж байлаа. Энэ наймаанд бид маш том алдаа гаргажээ, энэ гурван орд газарт дахин эдийн засгийн үнэлгээ хийнэ гэж нөгөө талтайгаа тохиролцоод  эргэж ирсэн юм.

Хамтдаа уулзалт, яриа хэлцэл хийж байсан хүмүүс бол ураны салбарын нэлээд том мэргэжилтнүүд байв. 1986 оны 4 сарын 26-нд нутаг буцах гэж байтал тэдний дунд байсан нэг залуу онгоцны буудал дээр ирэхдээ царай нь бүр хачин болчихсон: “Ноцтой аваар болчихлоо, бид дэлхий дахинд гутамшигтай байдалд орлоо” гэсэн утгатай юм хэллээ. Яг тэр үед Украйнд Чёрнобеллийн цахилгаан станц дэлбэрч цацраг идэвхт бодис алдан олон арван хүний амийг авч, тэр хавийн хот тосгоны олон зуун хүн хордсон аймшигт явдал гарлаа.

Тэр явдал бидэнд их хүчтэй нөлөөлсөн л дөө. Манайх аюулгүй ажиллагааны дүрмийн талаар наад захын ч мэдлэггүй байж  Мардайн ордыг ашиглан үйлдвэр байгуулна гэдэг юу болох вэ гэж анх бодогдсон. Гэхдээ тухайн үед  Мардайн ордыг оросууд ашиглаад нэлээд хөгжчихсөн, орчин үеийн хаалттай диваажингийн хот байлаа шүү дээ. 1990 онд Оросууд нутаг буцаж нөгөө ордууд үлдсэн. Дорнод, Сүхбаатар хавиар ураны эрэл хайгуул хийх, ураны орд илрүүлэх цаашдаа ураны үйлдвэрлэлийг хөгжүүлэх ирээдүйтэй гэдэг нь тодорхой болсон  хэрэг. Тухайн үеийн  ураны ордын “Геологи зураглал”-ын экспедицийнхний тайлангууд ч ил тод болсон.

Урааны аюулгүй байдлын талаар манайхан бараг ярихгүй атлаа зөвхөн ашиг орлого олох тухай л яриад байгаа шүү дээ.

Үйлдвэрлэлийн явцыг судлаад байхад хүдрээс нээх хордоод байдаггүй юм байна. Баяжуулах фабрикийн шатанд ч бас аюулгүй. Яг шар бүтээгдэхүүн гараад ирэхээр түүнээс л их болгоомжлох хэрэгтэй болдог юм байна лээ. Түүнээс цаашаа уран О8 гээд ураны исэл гээд ирэхээрээ тун аюултай болдог.  Цөмийн энергийг ашигладаг улс энэ дэлхий дээр цөөхөн . Тухайн үед  ОХУ, АНУ байсан шүү дээ.  Одоо дэлхий дээр 10-аад улс ашиглаж байна.  Үнэндээ уран монгол улсын эдийн засагт мөнгөн дүнгээр нь ярих юм бол үр ашиг тийм ихийг өгөхгүй. Стратеги гэдэг утгаараа асар их ач холбогдолтой. Өнөөдөр агаарыг бохирдуулаад байгаа, дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг бол нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд юм. Монголд ч адилхан.  Гэр болгоноос утаа суунаглаж байгаа шүү дээ. Үүнийг халах нэг үндэс бол яалт ч үгүй атомын цахилгаан станц гэдэг утгаараа мэргэжилтнүүд шохоорхож байгаа юм.

Нөгөө талаар дэлхий дахинд цөмийн зэвсгийн үйлдвэрлэлтэнд хүрнэ гэвэл маш болгоомжтой байхгүй бол болохгүй. Манай төрийн өндөрлөгүүд хаа хамаагүй, хэн дуртай, эрх мэдэл бүхий албан тушаалтантай очоод уран ашиглая гээд гар бариад байна. Энэ бол маш аюултай хандлага. Уг нь төрийн нууц, хар хайрцагны бодлого байх ёстой л гэж ойлгож байгаа юм.

Урааны салбарт  төрөөс баримталж буй бодлогыг та хэрхэн дүгнэдэг вэ?

Дундговь, Төв, Дорноговь аймгийн нутгаар мундаг судалгаа хийсэн байсан. Тэр ордуудад хад чулуун дотор уран байдаг.  Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр газрын хөрсөнд 40-50 метрийн гүнд элсэн чулуулаг дотор ураан байдаг. Хараа, Хайрхан гээд ордуудыг олсон. Харамсалтай нь энэ бүх ордууд 1997 оны ашигт малтмалын хууль гарснаас хойш гадныхны гарт орчихсон. Дандаа гадаадын компаниуд тэр ордын тусгай зөвшөөрлийг авчихсан байгаа.

Уг нь  урааныг олон улсын хатуу хараа хяналтан дор л ашиглах ёстой шүү дээ. Гэтэл манай засгийн газрынхан маш нууцлаг байгаа. Оросуудтай ч гэрээ хийгээд байх шиг, америкуудтай ч тэр юмаа ярьчихсан юм шиг, хятадуудтай ч сүүлд нь ярьчихсан юм шиг янз бүрийн мэдээлэл түгээд байгаа. Зарчмын хувьд хар хайрцагны бодлогод стратегийн ашигт малтмалыг ашиглахдаа Монгол Улсын язгуур эрх ашиг гэхээс гадна олон улсын, дэлхийн өмнө Монгол Улсын хүлээх ёстой үүрэг гэж байх ёстой. Тэр дотроо Монгол Улсын гадаад бодлоготой уялдах ёстой. Гэтэл манай гадаад бодлого өөрөө маш тогтворгүй байна гэж би үзэж байна. Олон жил манай гадаад бодлого алдагдсан хэвээрээ байна.  Хоёр хөрштэйгээ ойр дотно, эвтэй найртай, хамтран ажиллана гэдэг бодлого гол байх ёстой. Тэр бодлого алдагдчихсан. Гуравдагч  хөрш гэж яриад байна. Тэр гуравдагч хөрш гэгч нь аль нэг улс гүрэн биш,  харин  гадаадын нэг компани байж байдаг.

Тэгэхээр гадаад бодлогоо яаж зохицуулах ёстой вэ?

Бид яаж ч бодсон нутаг дэвсгэрээ нүүлгээд авч явж чадахгүйгээс хойш эхний ээлжинд  хоёр хөрштэйгээ хэл амаа ололцоод тохиролцох, ярилцах, түүний дараа тэр гуравдагч хөрш гэж хэлэх нь хаашаа юм гуравдагч этгээдтэй ажиллах ёстой болов уу. Үүнийг ч мөн ураны салбарт баримтлах ёстой бодлого байж магадгүй. Нөгөө талаас хоёр хөрш маань яг ураны салбарт эрэл хайгуул, ашиглалт, цөмийн энерги, энх тайвны олон зорилгод хэрхэн ашигладагийг нь би сайн мэдэхгүй юм. Хамгийн наад зах нь бидний сонирхох ёстой юм бол энэ хоёр улс ураны салбарыг шинжлэх ухааны дэвшил, ураны салбарын ашиглалт, олборлолтын дэвшил ямар байна  гэдгийг судлах хэрэгтэй. Оросын хувьд цөмийн энергийг энх тайвны салбарт далай дээр хөвдөг хөлөг онгоцоос авахуулаад атомын цахилгаан станц барьсаар ирсэн. Тэдэнтэй аливаа салбарт хамтарч ажиллах байсан юм болов уу гэсэн бодол төрөөд байдаг юм. Гэтэл одоо замбараагүй болчихсон. Хамгийн сайн хамтрагч бол Франц, Канад улс гээд л  ураны салбарын техник технологийн дэвшилтэт улс гэдэг суртал ухаалга маш их явагдаж байна. Манай салбарын гол бодлого бол ямар ч байсан энэ олон орд газруудыг дэлхий даяар тараагаад цацаад хаячихсан гэдэг бол маш том алдаа. Үүнийг бид бодлогоор, саяын ярьдаг зарчмаар ашиглах ёстой. Манай улсын хувьд ураныг ашиглах гээд байгаа гол зорилго бол атомын цахилгаан станц барихад л ашиглах гээд байгаа хэрэг шүү дээ.  Тэрнээс биш цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй цэрэг дайнд оролцоно гэдэг одоохондоо хол байна. Бид мэдэхгүй явж байтал Осама Бин Ладингийн гарт орохыг ч үгүйсгэхгүй байхын аргагүй.
Уран гэдэг бол газрын хэвлийн ашигт малтмал, эрдэс баялаг гэдэг утгаараа ойлгогдож байгаа. Цааш нь атомын цахилгаан станц байгуулах, цөмийн зэвсэг, цөмийн энергийг нь ашиглах гэдэг утгаар ярихад манай монгол бол хол байна. Гэтэл С.Баяр Ерөнхий сайд гарч ирээд л Засгийн газрын дэргэдэх цөмийн энергийн агентлаг байгуулаад эрэл хайгуул бүх юмыг тийш нь хамруулчихаж байгаа юм. Тэнд ажиллаж байгаа баг бүрэлдхүүнийг харахад хэдэн физикчид голдуу суулгачихаад наадах эрэл хайгуулын үеийн хариуцлага, сахилга, ашиглалт, уурхай, баяжуулах үйлдвэрийн талаар ялангуяа геологийн судалгааны ажлын чиглэлийн олигтой мэргэжилтнүүд байхгүй хирнээ лиценз олгоод, лиценз цуцлаад л сууж байдаг.

Цөмийн энергийн тухай хуулийг зарим УИХ-ын гишүүд тухайн үед эсэргүүцэн цоорхойтой, муу хууль  болсон гэж үзэж байсан.

Хуулийг нь сайн судлаагүй байна. Гэхдээ хуулийг нь харахад тэр чигээр нь ашигт малтмалын хуулийг хуулаад тавьчихсан. Ард түмэнд таалагдах гэж 51 хувь, 34 хувийг монголын төр эзэмшинэ гэсэн. Үндсэндээ Монголын өмч гэдэг утгаараа бид татварын хуулиараа бүх зүйлээ бид зохицуулна. Тэрнээс биш хувь хэмжээ тавина гэдэг бол гадаадын ч,  дотоодын ч бүх бизнесмен болоод аж ахуй  эрхлэгчид, төрийн түшээд , салбарын мэргэжилтнүүдийн дургүй хүргэсэн алхам байхгүй юу. Оюутолгойд зориулж хийсэн 34 хувийг ураны хуулинд аваачаад тэр чигээр нь хуулаад хийчихсэн гэдэг нь энэ салбарыг толгойлж яваа тэр агентлагийн нөхдийн мэргэжлийн мэдлэггүй, энэ салбарын боловсролгүй гэдэг нь харагдаж байна. Цөмийн агентлагын нөхдийг харахад ашигт малтмалын агентлагын үйл ажиллагааг давтчихсан, харин ч Монгол Улсын төсвөөс баахан иддэг, бас л өндөр цалинтай геологийн биш физикийн болон хуульч хүмүүс байх жишээтэй. Тэд нь эргээд сайжруулана гэдэг нь эргэлзээтэй.

Ярилцсан М.Ганцацрал 2010 он

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s