Gallery

Худагт унасан хорлолт хүмүүн ба ачлалт адгуусын үлгэр…

Хутагт Нагаржунай “Ардыг тэжээхүй рашааны дусал”-даа
“Асар муу хүнтэй өнөд ханилваад
Амтат идээ ундаагаар туслан тэтгэвч
Ачийг мартаад эргэж харин хорлох ч бий,
Адилтгавал худагт унасан хүмүүн мэт” хэмээн айлджээ.

Эрт цагт Даха нэрт их талд эхэнд нэгэн хот байсан боловч хожим хотын хүн амьтан бүгд нүүснээр хоосон тал хоцорчээ. Тэр цагт хатаж хоцорсон нэгэн гүнзгий худагт нэг хүн, нэг хулгана, нэг харцага ба мөн нэгэн могой дөрвүүл унасан бөгөөд худгийн ам бага, ёроол гүнзгий тул гарч чадалгүй урт удаан хугацаанд өлсөн цангаж машид зовж зүдрэв гэнэ. Аз болж нэгэн хүн тэднийг олж өрөвдөөд элдэв аргаар оролдсоор байж тэр дөрвөн амьтныг худгаас гаргаж чаджээ. Түүнд тэр дөрөв:

–  Хүн чи бид дөрвийн амийг аврав. Тиймээс бид аль чадлаараа ачийг тань хариулах болно гэсэнд өнөөх хүн:

–  Би хичнээн ядарч доройтовч та гурван адгуусаас тусламж хүсэхгүй. Харин ядарч доройтох цагт энэ хүн л надад тус болоосой хэмээн найдаж байна гэж өгүүлээд тэдний үгийг тоолгүй яван оджээ.

–  Хожим тэдгээр амьтдын амийг аварсан хүн үгээгүй ядуу нэгэн болсон бөгөөд ойд гөрөөс агнахаар явах үедээ урьдны харцагатай таарсан ажээ. Түүнээс харцага:

–  Найз минь, гөрөөс авлан гундуу явах чинь юуны учир вэ? хэмээн асуусанд,

–  Би машид ядуу үгээгүй нэгэн болов. Амь зогоохын тулд гөрөөс авлаж явна гэжээ. Тэгтэл харцага:

–  Би чамд тус хүргэсүгэй хэмээн өгүүлээд хааны ордонд очиж хатны өргөөний саравчин доор нуугдан суулаа. Төдөлгүй хатныг алт, мөнгө, сувд тэргүүтэй үнэт чимэг зүүлтээ тайлж үсээ угаах зуур бүх чимэг зүүлтийг нь шүүрч аваад огторгуй өөд нисэн дутаав. Тэрээр авсан бүгдээ гөрөөчинд авчирч өгөөд ачийг нь хариулжээ.

–  Түүнээс хойш гөрөөчин уг болсон явдлыг өөр хүн хэнд ч хэлэлгүй явсаар нэгэн удаа амьдтын хамт худагт унасан өнөөх хүнд дотночлон итгэж ярьсан байлаа. Тэр цагт хаан:

–  Миний хатны чимгийг хэн авсан, одоо хаана байгааг мэдэх хүн байх аваас түүнд их шан өгнө хэмээн зар тараасанд өнөөх муу хүн шан олохын тулд худгаас гаргаж амийг нь аварсан ачийг умартаж сувдаг сэтгэлдээ хөтлөгдөн болсон бүх явдлыг хаанд мэдүүлсэн байна. Төдөлгүй хатны чимгийг авсан гөрөөчинг хаан барьж гянданд хорьсон бөгөөд амь зогоох төдий хоол хүнсийг өгч байсан тул ядарч сульдах нь туйлдаа хүрчээ. Ийнхүү зовж шаналан байхыг урьдны хулгана олж үзээд асуусан нь:

–  Нөхөр минь, чи юу хийснээр энд ингэж зовж шаналнам? гэсэнд учир явдлаа түүнд хэлэв. Түүнийг сонссон хулгана үл тэсэж бусад нөхдийн хамт ойр зуурын айлаас идээ унд цуглуулан түүнийг бага ч болов тэтгэв. Тэндээс хулгана могойн дэргэд очоод:

–  Бидний амийг аварсан ачтан маань зовж туйлдаж явна гээд болсон бүхий л явдлыг нэгд нэггүй өгүүлэв. Могой:

–  Надад нэгэн арга буй хэмээгээд шөнө дөлөөр хааны ордонд очиж хааны хүзүүг ороогоод эс тавилаа. Төдөлгүй могойн хор хааны бүхий л биеэр түгсэнд хааны бие хавдаж, хүндээр өвдөж эхлэв. Хаан машид айн тэвдэж ордны мэргэч, зурхайч бүгдийг дуудаж үзүүлсэнд зурхайч нар нэгэн зэрэг:

–  Энэ могой гянданд хоригдож буй хүний сахиус мөний тул түүнийг суллаж явуулбал өвчнөөс сална, эс суллаваас хаан та наснаас нөгчих болно гэсэнд хаан даруй гянданд хоригдож буй хүнийг суллаад их эрдэнэ зэргийг өгсөнд могой алдуурч хааны бие амирлалаа хэмээмүй.

–  Ийнхүү гурван адгуус өөрт ачилсан ачийг хариулж тус хүргэсэн атал харин ухаант хүн харин хор хүргэсэн тул дан гагц хүн нь муу чанарт бөлгөө.

Тиймийн тул муу хүнтэй бүү нөхөрлө, мөн саруул ухаан байвал ямар ч хэргийн арга учрыг олж чадах тул эрдэм ухаанд суралц хэмээсэн утга болой.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s