Түм буман бодол

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье

зургийг http://www.minig.mn-аас авав.

Хүн бүхэн амьд явах, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, өмч эзэмших, эн тэгш эрхтэй байна гэж Ардчилсан Монгол улс Үндсэн хуулиндаа тунхагласан. Харин энэ тунхаг бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаагийн улмаас монголын олон зуун иргэн далд хэлмэгдүүлэлтэд автаж байна. Ингэж хэлэхийн учир нь баялагийг тэгш бус хуваарилсаны үр дүнд өнөөдөр Монгол Улсын 10 иргэн тутмын ес нь буюу 2,4 сая гаруй хүн амд нийт баялагийн 20 хувь нь л оногддог байна. Харин энэ жаахан баялагаас хэчнээн хүн хүртэж чадаж байгаа бол гэдэг нь бүрхэг.  Албан тушаалтнуудын хүнд сурталд дарлуулж, авилга хээл хахуульд нэрвэгдсэн иргэд амьдрахын эрхэнд тэдний эрхшээлд орж хэлмэгдэж байгаа нь өнөөгийн бодит байдал юм.

Сүүлийн 20 жилийн дотор Монгол улсын үзэсгэлэнт байгаль, атар газар дотоод гадаадынхны хайр найргүй хэлмэгдүүлэлтийн золиос болж, монгол орны газар бүрт хөрс шороо бохирдож, ой мод түймэрт шатаж, хүний гараар устгагдаж булаг шанд, гол мөрөн ширгэх нь нэмэгдсээр цөлжих аюул нүүрлээд байна. Нуулгүй хэлэхэд манай улсын 21 аймгийн  бүх сумын гуравны хоёрт нь газар шороо ухаж сэндийлэн, гол горхи бохирдуулан байгаль сүйтгэх ажиллагаа явагдсаар байгаа юм. Үүнээс улбаалан эргээд хүн төрөлхтөн бидэнд тусч буй гамшиг нь их билээ. Эрүүл мэнд, амь насаа алдах нь энүүхэнд болжээ. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж эдийн засгийн голлох салбар болж байгаа хэдий ч харамсалтай нь уг салбарын нийгмийн болоод байгаль орчны хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлага нэн тэргүүнд урган гарч ирж байна.

Сар гаруйн өмнө Бороо гоулд компанийн 50-иад ажилчин ажилгүй болох нь хэмээн хэвлэл мэдээллээр шуугисан. Чухам юуны учир ажилчид дуу хоолойгоо өргөх болов гэдгийг сонирхвол Бороо гоулдынхан “Нуруулдан уусгах төсөл”-ийг туршилтын журмаар хэрэглэсний эцэст “Ашиглахад ямар ч хоргүй” гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэнд хүрснээс хойш уурхайд үйл ажиллагаа явуулалгүй найман сар болж. Эцэст нь ажлаа эхлэхийг хүлээсэн ажилчдын тэсвэр барагдаж хэвлэлийнхэнд хандсан аж. Технологийг ёс журмаар нь хийвэл ямар ч хоргүйг баталсан байтал   ЭБЭХЯ-ны сайдын гарын үсэг зурагдаагүй гэнэ.  Уг нь нуруулдан уусгах технологийг АНУ-д 100 гаруй уурхай ашиглаж ирсэн ба 50, 60 жилийн түүхтэй энэхүү технологийг дэлхийд алт олборолтоороо тэргүүлдэг Мөнгөн муж буюу Нивадагийн уурхайд одоо ч мөн хэрэглэсээр байгаа вм байх.

зургийг http://www.gmic.mn -аас авав.

Монгол орны хувьд уул уурхай, газар шороондоо хувь болоод хувьсгалын хүмүүс хэтэрхий харгис ханддаг нь хэлүүлэлтгүй нүдэн дээр ил билээ. Алтыг нь аваад авдрыг нь тэр чигээр нь хаядагийн үлгэрийг эх орны өнцөг булан бүрээс харж болно гэхэд хилсдэхгүй. Манайд үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд ашигт малтмал олборлохдоо 70-80 хувийг нь аваад үлдсэн 20, 30 хувийг нь ухсан хөрс шороондоо үлдээдэг байна. Үүндээр нь манай хууль бусаар алт олборлодог нинжа нар “тансаглаж” тамтагтаа тулсан газрыг нь там болгож орхидог аж. Нөхөн сэргээлт хийгддэггүй гэдэг ч хийсэн хэсгийн газрыг хэмлэж нүхлэдэг нь хууль бусаар алт олборлогчдын хийдэг гол ажил. Гагцхүү үүнээс гарах арга замын нэг нь  нуруулдан уусгах технологи гэдгийг манайхан  саяханаас судалж мэдээд байгаа гэнэ.

Нуруулдан уусгах технологийн үед яалт ч үгүй цианит натри ашигладаг учраас иргэний хөдөлгөөнийхөн цианит натри алдагдсан байж магадгүй гэж сэрэмжлэн Мэргэжлийн хяналтынханд шалгаж үзэх санал тавьсны дагуу УИХ-ын гишүүн Энхбаяраар ахлуулсан баг газар дээр нь шалгалт хийгээд дээрх дүгнэлтийг гаргасан аж. Тус технологийг хэрэглэснээр Монгол улсад “Хариуцлагатай уул уурхай”-н тогтолцоо бүрдэнэ гэдэгт мэргэжлийн хүмүүс найдаж энэ аргыг хэрэглэхийг зөвшөөрсөн гэж хэлж болно. Хариуцлагатай уул уурхай гэдгийг уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулсны эцэст эргээд нөхөн сэргээх, байгаль эх орондоо ээлтэй хандах сэтгэлгээг суулгах, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандах гэж ойлгож болох юм. Ийм тогтолцоо манайд яалт ч үгүй үгүйлэгдэж байгаа билээ. Нуруулдан уусгах технологийг газар шороонд үлдсэн 20, 30 хувийн алтыг үлдээлгүй олборлож эцэст нь нөхөн сэргээнэ гэсэн үг. Иймээс ч нинжа нар тэнд овоорч байгаль орчныг сүйтгэх шаардлагагүй болно. Тусгай нэг хэсэг талбайг сонгон өнгөн хөрсийг нь хуулаад дээр нь нойтон шавар дэвсэнэ. Мөн үүн дээрээ урагддаггүй хулдаас дэвсэж өгдөг аж. Энэ нь цианит натритай шингэн бодис хөрсөнд нэвчихээс хамгаалдаг байна. Хулдаасан дээрээ 60 см зузаантай хайрга дэвсэнэ. Үүний дээрээс 10, 10 метрээр хүдрийг пирамид хэлбэртэй болгон тавих ажээ. Доор нь тусгай зориулалтын хоолой байрлуулж өгдөг байна. Ингээд цианит натри бүхий уусмалаа шавар дээрээс асгахад доош нэвчих явцад цианит натри нь шавар болон хулдаасанд тунан үлдэж алтыг уусган доош нэвчүүлсээр эцэст нь идэвхжүүлсэн нүүрс үлддэг байна. Дээрээс нь цэвэр усаар хэд дахин зайлах гэх мэтчилэн олон дамжлага явсны эцэст хөрсөнд үлдсэн алтыг ялган авч хамгийн сүүлд өнгөн хөрсийг тавин нөхөн сэргээлтийг явуулах ёстой юм байна. Энэ процесс явагдсны эцэст нэг кг чулуунаас 0,2-0,8 гр алтыг гарган авдаг ажээ. Энэ нь хэдийгээр тийм ч их алт биш болоч нөгөө талаар алтгүй, нөхөн сэргээлт хийгдсэн газарт нинжа нар ирж сүйтгэхээс хамгаалж буй хэрэг юм. Иймээс л хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгальдаа хариуцлагатай хандья гэж сүүлийн үед их ярих болсон нь үүнтэй холбоотой. Дан ганц алт гэлтгүй мөнгө, зэс ч ялгаруулж авдаг байна. Манай орны хувьд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Эрдмин компани дээрх аргаар алтыг ялган авч хаягдал хүдрээс зэс олборлон Монгол улс анх удаа эцсийн бүтээгдэхүүн гаргаж гадаадруу экспортлож байна. Нуруулдан уусгах технологийг ашиглан Эрдмин үйлдвэр амжилттай ажиллаж байгаа нь яахын аргагүй үнэн билээ. Дараа нь Бороо гоулд компани энэ аргыг туршилтын хугацаанд ашиглан амжилттай болохыг нь мэргэжлийн хүмүүсээр дүгнүүлжээ.

Монгол Улсын “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Үндэсний аюулгүй байдлын бүтэц”-ийн 10 дугаар бүлгийн 52-р зүйлд “Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдснаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ” хэмээн заасан байна. Гэтэл энэхүү заалт манай улсад хэрэгжиж чадаж байна уу. Харин ч эсэргээрээ хүний буруутай үйл ажиллагааны улмаас эх орон байгаль дэлхий биднээс нүүрээ буруулж байна.  Хэдийгээр бидний нэрлэж заншснаар нинжа нар гэгддэг иргэд аргагүйн эрхэнд амь амьдралаа залгуулахаар энэ ажлыг хийж байна гэж тайлбарладаг ч тэдэнд бас хариуцлагатай уул уурхайн тогтолцоог ойлгуулах, өнөө маргааш гэхээсээ илүүтэй алс ирээдүйд үр хойчдоо эх орныг нь бүтнээр нь өвлүүлэх ёстойг ухамсарлуулах хэрэгтэй юм. Уул уурхайд хариуцлагагүй хандсанаас олон ч хууль бусаар алт олборлогч амь насаа эмгэнэлтэйгээр алдаж амьдаараа шороонд булуулж байсан, одоо ч байгааг санах хэрэгтэй.

http://www.nomadgreen.org–д хэвлэгдсэн. 2010 он

Сэтгэгдэл бичих