Gallery

Эх орондоо гадуурхагдсан хүмүүс

Тайвань улсаар аяласан тэмдэглэлээ үргэлжлүүлж байна. Манайхан урд зүгийн хүн л бол хятад гаралтай гэсэн бодолтой байдаг. Бид ч бас тийм ойлголттой арлын улсад газардсан юм.

Гэтэл алхам тутамдаа Тайвань болоод Хятад улсын хоорондын соёл иргэншлийн томоохон зөрүүг мэдэрч явлаа. Хэл нь хүртэл хятад хэлнээс ондоо. Түүнчлэн манай үзэмчин, захчин, халх гэдэг шиг Тайвань улс дотроо 14 ястантай. Тэр дундаа олон зуун жил энэ арлын эзэн нь болж амьдарсаар ирсэн Тайваны уугуул иргэд одоо ч бий. Харамсалтай нь цөөн тооны уугуул иргэд үлдээд байгаагийн дээр тэдний амьдрал төдийлөн сайнгүйг иргэний сэтгүүлчийн хувьд Тайвань нөхдийнхөө тусламжтайгаар мэдэх боломж олдсон юм.

Бидний аялал жирийн нэг аялалтай зүйрлэхийн аргагүй. Яагаад гэвэл тухайн улсын гоё сайхан, түүхэн дурсгалт газруудыг үзэхээс гадна энэ улсын бодит амьдрал, нийгмийн байдлыг мэдрэх нь юу юунаас илүү утга учиртай санагдсан билээ. Өндөр хөгжилтэй оронд ч хүний эрх, эрх чөлөө ямар хязгаарлагдмал, зөрчилтэй байдаг гэдгийг ойлгоход энэ арван хоног тун бага санагдсныг нуух юун. Бидний есөн сэтгүүлч Тайваны уугуул иргэдийн Сан-Ин хэмээх ядуучуудын тосгонд зочилсон билээ. Сан-Ин тосгонд анир чимээгүй. Энд баригдсан байшингуудыг модны өөдөс, хог дээр хаясан хуучин хаалгаар нямбайлан барьсан ажээ. Биднийг тосгоны төлөөлөгч ноён И-хао хүлээн авч уулзан уугуул иргэдийн амьдралын талаар ярьж өгсөн юм. Хэдэн зуун жилийн турш Хан үндэстэн (хятад улс) Тайван улсыг эзлэн түрэмгийлж эрхэндээ байлгасаар ирсний дээр одоогийн  Тайваны төр засгийг удирдаж буй түшээд нь хан үндэстний угсаа гаралтай гэж ойлгож болно. Ийм ч учраас өнөөг хүртэл нутгийн уугуул иргэдийг эх орноос нь гадуурхан шахаж амьдран буй газар нутгийг нь өөр зорилгоор ашиглахын тулд байнгын нүүхийг шаардаж, дарамт шахалтанд оруулан гэр орныг нь хайр найргүй сүйтгэж, бусниулдаг явдал газар авсаар байгаа аж. Ноён И-хао ч хан үндэстэн бөгөөд эхэндээ Тайваны засгийн газрын шийдвэрийн дагуу Сан-Ин тосгоныг нураалцахад оролцож явсан боловч төд удалгүй Засгийн газрын буруу шийдвэрийн эсрэг хатуу байр суурьтай зогсох болжээ. Тэрбээр эрх нь зөрчигдөж байгаа олон зуун тайван уугуул иргэдийг хараад өөрийн эрхгүй сэтгэл нь эмзэглэж төрөөс баримталж буй бодлогыг буруушааж эхэлсэн байна. Орчин үеийн өндөр хөгжилтэй Тайпей хотын төвд маш том нэгэн гүүр байх агаад тэр гүүрний дор уугуул иргэдийн бяцхан вант улс оршин тогтнох ажээ. Тэднийг социализмын үлдэгдэл, залхуу заваан гэдэг шалтгаанаар хаана ч ажилд авдаггүй байна. Сан-Ин тосгоны  иргэд ажилгүй, мөнгөгүй, төрөөс үзүүлэх халамж, тэтгэлэг авдаггүй. Эмнэлэгийн тусламж ч хүртдэггүй. Тэдэнд хэн ч тусалдаггүй. Аргагүйн эрхэнд алгынхан чинээ газар хүнсний ногоо, будаа, жимс жимсгэнэ тарьж түүнийгээ борлуулан амь зуусаар өнөөдрийг хүрчээ. Бид 40 эргэм насны Банай хэмээх эмэгтэйтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр: “Засгийн газраас бидний байгаа энэ газрыг хан үндэстний газар нутаг тул даруйхан нүүхийг шаардсан юм. Хотын төлөвлөлтөд энэ газрыг томоохон цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэж оронд нь биднийг өндөр түрээстэй орон сууцанд мэхлэн оруулж байсан удаатай. Гэтэл бид ажил эрхэлдэггүйн дээр байрныхаа түрээсийг нь төлж дийлэлгүй буцаад энд хүрээд ирсэн.” хэмээн ярьж байна. Одоо ч мөн Засгийн газраас өндөр түрээсийн орон сууцанд орохыг байнга шаардаж, оршин буй газраас нь үргэлж дарамтлан хөөдөг байна. Хэрэв тэндээс нүүхгүй бол Засгийн газар, цэрэг цагдаагийнхан  ирээд хүч хэрэглэн ямар ч хэл үггүйгээр том том кмаз машинаар орон гэрийг нь юу ч үгүй болтол нь дайрч эвдэж нурааж сүйтгэчихээд явчихдаг аж. Гэхдээ энэ явдал нэг хоёр удаа бус бүр долоогийн долоон удаа давтагдаж Сан-Ин тосгоныхны гал голомтыг удаа дараа самарчихаад явсан байна. Харин энэ тухайгаа Тайваны засгийн газар олон нийтэд тайлбарлахдаа “Тайфун салхины аман дээр сайн дураараа буусан иргэдийг хар шуурганаас сэргийлэн орон сууцанд оруулсан. Хэдий тийм ч залхуу арчаагүйн улмаас тэд байрны түрээсээ төлж чадалгүй энэ осолтой газар эргээд ирцгээж байна. Иймд бид албадан хөөхөөс өөр аргагүйд хүрлээ. Үүний оронд энэ газар нутаг дээр хотынхоо өнгө үзэмжийг нэмсэн орчин үеийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зүйтэй” хэмээн хэвлэл мэдээллээр цацдаг гэнэ. Иргэд нь робот, машин механизм шиг ажилладаг Тайвань улсад залхуу хойргоороо адлагддаг ч уугуул иргэд зүгээр суудаггүй. Тэдний хувьд ясны хөдөлмөрч зан цусанд нь бий. Будаа, ногоо тарьж түүнээсээ олсон багахан орлогоо тосгоныхон цуглуулсаар ойр зуурын хэрэгцээний зүйлээ авч дөнгөж тохижиж байтал л аварга машины том дугуй ирээд юу ч үлдээлгүйгээр бүгдийг нь сүйрүүлдэг хэмээн Банай хоолой чичрүүлэн бидэнд ярьж байлаа. Манай Улсад  хөдөө гадаанаас хотруу шилжих иргэд, малаа алдсан малчид амьдрахын эрхээр хотыг бараадаж хаа таарсан газраа, үерийн далан шуудуун дээр дур мэдэн буудаг нь  үнэн ч Монголын төр тэдний гал голомтыг хайр найргүй сүйрүүлж хатуу гараар далайдаггүй. Ингээд бодохоор монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, дайн дажингүй амьдарч байгаадаа туйлын азтай ард түмэн. Эцсийн эцэст Сан-Ин тосгоныхон олон удаагийн сүйрэл, дарамт шахалтнаас дайжиж зугтааж явсан бол энэ удаа байгаа газраасаа хаашаа ч явахгүй хэмээн шийдэцгээжээ. Сүйрэл бүрийн дараа тэд хамтдаа энд тэндээс модны хугархай банз, хаягдал төмөр зэргийг цуглуулан эхнээс нь авахуулаад байр байшингаа барьдаг байна. Тэр байтугай тосгоны нарийн зохион байгуулалтад орж өдөр шөнийн ээлжээр эрэгтэй эмэгтэйгүй манаанд гардаг болжээ. Хэдий долоон удаа орон гэрээ бусниулуулсан ч байшин бүрийн гадаа цэцгийн мандалд олон зүйлийн цэцэг тарьсан нь хичнээн тохь тухтай суудгийг гэрчилнэ. Гэтэл эх орондоо адлагдаж байх газаргүйдээ сэтгэлийн зовлон эдэлж яваа амьдрах эрхгүй шахуу хүмүүс ганцхан Сан-Ин тосгоноор дуусахгүй. Цаана нь мөн амьдрах газраа эрэн тэнүүчилж аргагүй эрхэнд хар шуурганы аман дээр буусан Тайвань арлын унаган иргэд зөндөө бий гэж бодохоор “Хүн болж төрөхийн утга учир юу юм бэ”хэмээн өөрийн эрхгүй гунигтай бодол төрөх юм.

2010/06/14

Англи хэл дээр үзэхийг хүсвэл доор линк дээр дарна уу.

http://en.nomadgreen.org/archives/2010/06/14/7433/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s