Болжморын жиргээ

Ус харамласан шаналал

Уншигч та бүхэндээ тэртээ есөн жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн үйл явдлын талаар хуваалцъя гэж саналаа. Учир нь үүний тухай  бодох бүрийд  бяцхан оюундаа ухааран ойлгож, хөнгөн гунигийг  зүрх сэтгэлдээ дахин дахин мэдэрдэг билээ. Өдийг хүртэл өөртөө хадгалан байсан тэр нэгэн явдлыг өнөөдөр та бүхний өмнө дэлгэж байна.

Монгол Улсын их сургуулийн сэтгүүлчийн хоёрдугаар курсын оюутан би дотуур байранд амьдардаг байлаа. Хавар болж ид л шалгалт шүүлгийн үе байсан юм. Номын сан явахаар ангийнхаа андыг хүлээн байрныхаа хүлээлгийн өрөөнд сууж байв. Оюутны дотуур байр хатуу журамтай. Гадны таньж мэдэхгүй хүмүүсийг дураар нь  нэвтрүүлэхгүй. Тиймээс дөнгөж толгой л багтам жижигхэн цонх бүхий шилэн хананы цаанаас хүмүүс уулзах гэсэн хүүхдээ дуудуулдаг байлаа.

Найзыгаа хүлээн шалгалт шүүлгийн талаар бодон зогстол “Ахын дүү, ахдаа ус хийгээд өгөөч” гэх сөөнгөтөж сааралдсан хоолой миний бодлыг тасдаж орхив. Үнэндээ тэр хавьд надаас өөр хэн ч байсангүй. Дуу гарсан зүг толгой чиглүүлэн харвал 40 гаран насны  “траншейны” гэж  хэлэгддэг орон гэргүй тэнүүлчин эр жижигхэн цонхоор гараа шургуулан ундааны хуванцар саваа надруу сарвайв. Яг тэр мөчид миний дотор тэр хүнд ус хийгээд өгөхөөс илүүтэй тэнэмэл хүн рүү ойртоно гэдэг  тун эвгүй санагдаж өөрийн эрхгүй гэрэвших сэтгэл төрсөн юм.

Хичнээн ус хийж өгмөөр санагдаж байсан ч надад ус хийж өгөх зориг үнэхээр дутсан билээ. Намайг юу ч хэлж чадахгүй хөдөлгөөнгүй зогсох тэр агшинд тэрбээр хэдэн удаа ус хийж өгөхийг гуйсан ч би туслаагүй юм. Гэнэтхэн өнөөх тэнүүлчин эрийн хилэнтэй харцтай тулгарахад зүрх дотор минь ёг хийгээд явчих нь тэр. Тэрбээр амандаа ямар нэгэн юм үглэсээр цааш эргэхэд би хар хурдаараа нойлын өрөөрүү гүйлээ. Түүний тэр харц одоо ч миний сэтгэлээс гардаггүй.

Нойлын өрөөний угаалтуур бөглөрч тосгуур дахь ус нь халиад шалаар нэг болсон байв. Яг тэр л мөчид би дотроо “Бидний газраар нэг асган хайр гамгүй хэрэглэж байгаа энэ ус зарим хүмүүст олдохгүй аргаа бараад явж байна шүү дээ” гэж бодоход өөрийн эрхгүй “Би түүнээс айлгүйгээр савыг нь аваад ус хийгээд өгөхгүй яав даа” гэж харамссан юм. Тэрхүү тэнүүлчин эрийн өмнөөс өөрийгөө тавин бодох бүрийд ямар их ам нь цангасан бол гэж өрөвдөн дотроо шаналж байж билээ.

Удалгүй найз минь бууж ирээд бид номын сан руу алхлаа. Болсон явдлын тухай түүнд ярин явсаар номын санд хүрэв. Бид хичээлдээ бүх анхаарлаа төвлөрүүлсэн байсан тул тэрхэн хугацаанд сэтгэлд тороод байсан өнөөх явдлыг мартаж орхиж. Номын сангаас гараад нэгэн байрны булан тойртол хоёр цагдаа арваад тэнэмэл хүнийг баривчлан авч явсны дунд миний түрүүхэн туслахаас татгалзсан ах явж байлаа. Өөрийн эрхгүй зогтусан амандаа “өнөө хүн чинь баригдчихаж” гэж шивнэв. Тэрбээр ч намайг олж хараад өнөөх уурссан хилэнт харцаараа цоо сүлбэсээр одоход түүний нүднээс нэг л зүйлийг ойлгож үлдсэн юм. “Ээ чааваас, энэ ч дээ” гэж тэр хүн намайг бодож байгаа нь  илт.

Харин миний хувьд түүнд би ус өгөөгүй дээ хичнээн харамсаад барахгүй, түүний өмнө өөрийгөө буруутган “Зүгээр л газраар асгарч байсан ус шүү дээ, даанч дээ” хэмээн дотроо шархиран бодож билээ. Энэ явдал надад тун ихийг бодуулсан юм. Тийм ч учраас сэтгэлээс минь гаралгүй өчнөөн хоног тарчилсан даа.

Хичээлээ тараад явах, номын сан орох, найз нөхөдтэйгээ уулзах гээд алхам бүрт хог түүсэн, ундааны сав цуглуулсан, нялх хүүхдээ үүрээд гуйлга гуйж байгаа эмэгтэй, гутал тосолж байгаа жаахан хүүхдүүд…. сэтгэлийг минь дэндүү их өвтгөж байлаа.

Тэд хэдийгээр хараал хэлдэг, болхи бүдүүлэг, амьдрах урамгүй хэдий ч хүн шүү дээ. Ус уух эрхтэй хүн. Тэднийг харах тоолонд өнөөх мэдэрсэн сэтгэлийн шарх маань дахин дахин сэдэрч явлаа.

Дотроо, “Хэрвээ бурхан гэж байдаг бол надад дахин нэг боломж олгооч, би дахиж хэнээс ч ус харамлахгүй, эдгээр хүмүүс яагаад ингэж амьдардаг юм бэ” хэмээн залбиран залбиран өөрийн жижигхэн ухаандаа тунгаан явсансан.

Энэ явдлаас хойш яг арван хоногийн дараа надад төрсөн өнөөх аймшигт сэтгэгдлээ өөр нэгэн найздаа яриад сууж байтал гэнэтхэн цонхны цаана хүн ирээд зогсдог юм байна. Манай өрөө нэг давхарт тул нээлттэй цонхон нь дээр ирсэн нь тэр байж.  “Ахын дүү, ахдаа ус өгөөч” гэж хэлэх тэр хүн миний гомдоосон хүн биш байсан ч өөр нэгэн тэнүүлчин эр байсан юм. Миний дотор гийгээд явчихлаа. “Тэгэлгүй яахав, ахаа” гээд би түүний савыг шүүрэн хар хурдаараа угаалтуурын өрөөрүү дэгдэв.

Найз минь ч тэр үед миний дотор ямархан баяр хөөрлөөр дүүрэн байгааг анзаарч амжсан байжээ. Сэтгэл хангалуунаар би тэр хүнд савтай усыг өгөнгөө “Та дахиад ус уухыг хүсвэл надад хэлээрэй, би ус өгнө” хэмээн  хэлсэн юм.

Арваад минутын дараа, өнөөх хүн дахиад ирлээ. “Ахдаа дахиад ус өгөөч, даварсан юм боллоо доо” хэмээн надаас жаахан зовнингуй хэлэхэд би огтхон ч тоолгүй түүнд ус авчирч өгсөн юм. Харин яг савтай усыг гарт нь өгөх тэр мөчид тэрбээр муухан мушилзаад “Эр хүн алдаж эрэг нурна гэдэг үнэхээр үнэн үг юмаа” гэж хэлж билээ. Өөрийн эрхгүй миний гар суларч дотор өөд бөөн хар юм тулаад ирэв. Тэр хүн ч явсан, би ч орон дээрээ дээшээ харж хэвтээд сэтгэлийн зовлон эдлүүлсэн хэдэн өдрүүдийг бодсон юм. Яагаад энэ хүн надад ингэж хэлэв? хэмээн өөрөөсөө олон дахин асуулаа.

Гэсэн ч намайг шаналгаж явсан зүйл  дэмий хоосон шаналал байгаагүй төдий яг л миний хүссэнээр тэнгэрээс надад дахин нэг боломж өгсөн гэдэгт өнөө хэр итгэж явдаг. Тийнхүү миний “ус харамласан” шаналал баяраар нөхөгдөж сэтгэл нэг амарсан даа.

Тэдгээр хүмүүс хүнээс дутуу явж байна, хүнээс дор амьдарч байна, биднээс дор уух усгүй, идэх хоолгүй, хоногоос хоног дамжин амьдарч байна. Өөрсдийн ийм байдалдаа бүгд дасчихсан, хэн нэгэн хүнд үзүүрлэгдэж, гахай нохойгоороо дуудуулах нь өдрийн зуун удаа тохиолддог гэж хэлж болно. Тэдний дунд маш алдартай, нэр хүндтэй, ажил төрөлтэй, мөнгөтэй, гэр бүлтэй хүмүүс байгаад намагруу шидэгдсэн хүн ч бий. Энэ бүхнээс юу надад үлдсэн гэхээр “Эцсийн эцэст тэд бол хүн шүү дээ.” хэмээх тэднийг өрөвдөх сэтгэл үлдэж хоцорчээ.

Англи хэл дээр үзэхийг хүсвэл доор линк дээр дарна уу.

http://en.nomadgreen.org/archives/2010/06/12/7348/

4 thoughts on “Ус харамласан шаналал”

Сэтгэгдэл бичих