Gallery

Ц.Бүжидмаа: Жендерийн үзэл баримтлалыг эрчүүдэд сурталчлах нь зүйтэй

Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудал, тэдний нийгэм, улс төрийн  харилцаанд оролцох оролцооны талаар “Улс төрийн боловсролын академи”-ийн Доктор Ц.Бүжидмаатай уулзаж ярилцснаа та бүхэнд хүргэе.  Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн болоод төрийн бус олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Харамсалтай нь тэдний үйл ажилгаа төдийлөн бодитой үр дүнд хүрэхгүй байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

Монгол улсад ардчилсан үйл явц өрнөсөн сүүлийн 20-оод жилд хүний эрх, эрх чөлөө, жендерийн асуудал хүчтэй яригдаж, олон улсын болон төр, иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилгаар энэ чиглэлийн үйл ажиллагаа нилээд эрчимжиж, эмэгтэйчүүдийн  байгууллагуудын тоо ч эрс нэмэгдсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн квоттой холбоотой заалтыг авч хаяхад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын сүлжээний гишүүн 32 байгууллага, монголын эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагын эвслийн гишүүн 41 байгууллагын жагсаалт бүхий бичиг Ерөнхийлөгчид очиж байсан гэдэг.  Эмэгтэйчүүдийн байгууллагын тооны өсөлтийн зэрэгцээ бас дорвитой өөрчлөлтүүд хийгдсэн гэж би хувьдаа боддог. Тухайлал Монгол улсын Үндсэн хуульд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш эрхийг баталгаажуулж, эрүүгийн хуульд эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг гэмт хэрэгт тооцох болсон нь улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт тэгш боломж бүрдүүлэх эрх зүйн баталгааг тодорхой хэмжээнд хангасан юм. Тэрчлэн Монгол улс жендерийн болон эмэгтэйчүүдийн асуудлаар олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орж, “Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах үндэсний хөтөлбөр”, “Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр” –ийг баталлаа. Бас Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, түүний ажлын албыг байгуулж, бүх яамдад жендерийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнг томилон ажиллуулсан, Мянганы хөгжлийн зорилтод тодорхой зорилтууд дэвшүүлсэн гээд үр дүнтэй гэгдэх олон үйл ажиллагааг нэрлэж болно. Энэ бүхэн жендерийн бодит хэрэгцээг хангахад ихээхэн дэвшилд хүргэсэн гэж зарим иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн хийсэн судалгааны дүнд үндэслэн дүгнэдэг. Гэвч жендерийн тэгш байдал, хөгжлийн төлөө жендерийн үзэл баримтлалыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оюун санаанд энэ үзлийг суулгаж чадаж байна уу гэвэл асуудал өөр болоод ирнэ. Энэ нь нэгдүгээрт эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэх уламжлалт тогтсон хандлага өнөөдрийг хүртэл хүчтэй хэвээрээ байгаатай холбоотой. “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил нийгмийн амьдралд оролцох эрхтэй гэдэгтэй та санал нийлэх үү” гэсэн асуултанд тийм гэж хариулсан мөртлөө МУ-ын ерөнхийлөгч, сургуулийн захирал, хотын Засаг даргын албантушаалд эрэгтэй, эмэгтэй хүний аль нь зохимжтой вэ гэхэд эрэгтэй гэсэн хариултыг л дугуйлдаг.  Энэ бол  эмэгтэйчүүдээ дэмжих нийгмийн сэтгэлгээ, эмэгтэйчүүдийн байгууллагын менежмент, иргэний боловсролын түвшин, ардчилал хүний эрхийн талаарх ойлголт сул байгаатай холбоотой гэж үзэж болох юм.

Хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай бус байгаа. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого, зарчим барьж ажиллах  ёстой вэ?

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд тэгш боломжид суурилсан хөгжлийн тухай үзэл баримтлалыг нийгмийн бүхий л салбарт  хэрэгжүүлэх ёстой. Энэ маань хөгжлийн үйл явцад  эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн оролцоог тэгш хангах, нийгмийн баялгаас ч тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх ёстой гэсэн ерөнхий санаа. Үүнтэй уялдан хүний эрх, жендерийн асуудлыг бодлогод тусгах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцыг цогцоор нь хэрэгжүүлэх ёстой. Тэрнээс биш зүгээр нэг сонгуульт байгууллагад нэр дэвшүүлэх, квот тогтоох асуудлыг тусад нь авч үзээд үр дүнд хүрэхгүй.

Бидний хүссэнээр эмэгтэйчүүд сонгуульд ялж улс төрд оролцлоо гэхэд улс төрийн системд ямар өөрчлөлт, шинэчлэл гарч ирнэ гэж бодож байна?

Ардчиллын нэг суурь зарчим нь төлөөлөл. Өөрөөр хэлбэл улс төрд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах, тэднийг шийдвэр гаргах төвшинд ажиллах, улс төрд оролцох тэгш боломжоор хангах боломж бүрдэх юм. Үүнд л гол учир нь байгаа юм.

Манай эмэгтэй гишүүд улс төрийн эрхээ эдэлж чадаж байна уу? Судлаачийн нүдээр харахад тэдний эрхийг хамгаалж чадаж байна уу?

Улс төрийн эрх гэдэг маань үндсэндээ сонгох сонгогдох эрхийн асуудлыг хамаарна. Энд эрхийг хамгаалах гэхээсээ илүү эрхийн хэрэгжилтийн талаар ярих нь оновчтой. Манай улс эмэгтэйчүүдийн талаар хэд хэдэн олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон. Эдгээр конвенцууд болон МУ-ын үндсэн хуулинд “Эмэгтэйчүүд улс төрийн эрх буюу сонгох, сонгогдох эрхтэй” болохыг баталгаажуулсан. Гэвч манай улс нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх тухай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалтыг хүчингүй болгосон нь “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенци”-ийн 4 дүгээр зүйлд заасан эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг түргэтгэхэд чиглэсэн түр тусгай арга хэмжээг хэрэгжүүлэхээс ухарсан явдал болсон нь өөрөө эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хэрэгжилт Монгол улсад ямар байгааг шууд харуулж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн квотыг хасна гэдэг цаанаа УИХ-ын гишүүдээс хамааралтай цэвэр ашиг сонирхолын зөрчлөөс үүдэлтэй гэж үзэж байгаа.  Ноднинхон баталсан сонгуулийн хуулиа ч өөрчлөнө гэж яриад байх юм. Энэ тал дээр таны байр суурийг сонсвол?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн Эмэгтэйчүүдийн квоттой холбоотой заалтыг хассан нь эрэгтэй гишүүдэд цөөнхийн эрхийг хамгаалан баталгаажуулах хүсэл, тэгш боломжид суурилсан хөгжлийн тухай үзэл санааны үнэр ч байхгүй байгааг нотолж байгаа юм.   Би үүн дээр ялангуяа ардчилал, хүний эрх гээд хашгираад байдаг хүмүүст их урам хугарсан. Үнэндээ дэлхий нийтээрээ л энэ үйл явцыг анхааралтай ажиглан харж байна шүү дээ. Тэр үед олон олон сонгогчид сэтгэл гонсойсон. Гадны орнуудад тэгш бус байдлыг арилгахын тулд тусгай арга хэмжээ авах /temporary special measures/ талаар нийтлэг хандлагууд байдгийн нэг нь квот юм билээ. Ерөөсөө тэгш бус нөхцөлд тэгш хандах нь өөрөө тэгш бус үр дүнд л хүргэж байгаа юм. Тэгш боломж олгоё, заавал 30 хувь  гээд яахав, чадалтай нь гараад ирэг гээд байгааг би бас ойлгодоггүй юм.  Албаар мэдэн будлиад байна уу эсвэл үнэхээр мэдэхгүй байна уу.   Ер нь бол квот тогтоосноор нийгэмийн сэтгэл зүй уламжлалт хандлагаасааа салж чадаагүй ийм нөхцөлд эмэгтэйчүүдийн сонгогдох боломжийг дэмжиж өгч байна гэсэн үг юм.  Квот бол заавал байх ёстой.

Үнэхээр жендерийн тэгш эрхийг бий болгоё гэвэл ямар алхам хийх ёстой вэ? Үүнд нийгмийн тэр дундаа эмэгтэйчүүдэд хэрхэн хүртээмжтэй, ойлгомжтой болгох вэ? Ямар түлхэц үзүүлж байж нийгэм дунд тархах вэ?

Юуны өмнө ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах үзэл баримтлалыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, түүнийг бодлогоор хэрэгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж, бодлого эсвэл хөтөлбөр гэх мэт урьдаас төлөвлөдөг аливаа үйл ажиллагааны эмэгтэй, эрэгтэй хүмүүст тусах нөлөөг бүх чиглэлээр, бүх түвшинд авч үзэх ёстой. Жендерийн стратегийг хэрэгжүүлэхдээ түүнийг хүний эрхийн тогтолцооны хүрээнд авч үзэх нь чухал. Хүний эрхийн асуудал нь өөрөө  жендерийн үзэл баримтлал, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, арьс өнгө, нас хүйс, хөгжлийн бэрхшээл, яс үндэс, шашин шүтлэг, соёлтой холбоотой бүхий л хүчин зүйлүүдийг авч үздэг. Ямар түлхэц үзүүлэх вэ гэхээс илүүтэйгээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Энэ бол өөрөө хууль эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, бүх шатны нийгмийн удирдлага зохион байгуулалт, санхүүгийн болон бусад нөөц, байгууллагын соёл, удирдлагын үйл ажиллагаа, хандлага, салбар дундын болоод олон нийтийн оролцооноос хамаарсан цаг хугацаа, байнгын хүчин чармайлт шаардсан цогц үйл явц юм. Ингэж байж гэмээ нь хүртээмжтэй болно. Бас нэг асуудал байгаа юм. Бид өнөөдөр жендерийн асуудлыг эмэгтэйчүүд рүү хандуулах биш, эрэгтэйчүүдэд түлхүү чиглүүлэх ёстой юм гэж би хувьдаа боддог доо. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүдийг эрхээ яаж хамгаалахыг заахын  зэрэгцээ тэр эрхийг зөрчиж,  хүчирхийлэл, ялгаварлалыг бий болгоод байгаа нөгөө субьектээ хаяхгүй байх нь чухал. Тиймээс хүний эрх, жендерийн үзэл баримтлалыг нэн тэргүүнд эрэгтэйчүүдэд сурталчлах нь үр дүнтэй байх болно. Зарим хүмүүс жаахан дургүй байж болох л юм. Эмэгтэйчүүдийн нийгмийн үүргийг өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө улс төрийн эрхийг нь хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ манай эрэгтэйчүүдэд дутаж байна.

http://www.nomadgreen.org-д нийтлэгдсэн.  2010/03/18

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s