Gallery

Тархинд соёолсон эрлийз сэтгэлгээний үр

Ардчилал гарч ирснээс хойш монгол хүний мөс, хүн чанар гэгч нандин зүйл гээгдэж, монгол хүн хэвээрээ байхын асуудал улан дор гишгэгдэх боллоо. Магадгүй манайхан ардчиллыг хэтэрхий дэврүүнээр төсөөлснөөр социализмын хүлээсийг тасар
татан гарч ирээд тэрнийхээ пянг даахгүй буудуулсан элээ шиг унаж байж мэдэх юм. Бие биенийгээ үгүйсгэн, хүн хүндээ итгэх сэтгэлээ гээж, хэн нэгнийг хохироон эд зүйлсийг нь шамшигдуулах, эх орныхоо нэрийг худалдаж идэхийг ардчилал, эрх чөлөө гэж ойлгож байгаа бол энэ ямар гээчийн эрх чөлөө вэ? Бүхнийг үгүйсгэхгүй ч бурууг нууж далдлах нь түүнээс илүү хортой. Манай улсад нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас илүү монгол хүний оюун ухаан, сэтгэлгээний доройтлын хямралд түмэн олноос авахуулаад төр засгийн удирдлагууд нэрвэгдээд байна. Үнэндээ монголчууд бид монголоо байчихжээ. “Би эх орондоо хайртай” гэж хэлсэн нэгнийгээ ангийнхан нь нийтээрээ элэглэн шоолсон явдал бий. Энэ эрүүл монгол сэтгэлгээ мөн үү? Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг. Эхийн хэвлийгээс унасан үрийнхээ биеийг төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш. Залж чиглүүлж Монгол улсын иргэний хүмүүжлийг төлөвшүүлэх ёстой хүмүүс нь эцэг эхчүүд. Гэтэл бидний эцэг эхчүүд өөрсдөө орос ах нарын нөлөөгөөр Чебарушка, Буратино үзэж хөлд хэлд орсон. Үүний үр дүнд үндэсний сэтгэлгээ, монгол иргэний хүмүүжил мохож гадаад

дотоод аль болох нь мэдэгдэхгүй эрлийз сэтгэлгээний үр нялх багачуулын маань тархинд соёолж байна. Энэ бол томчуудын алдаа. “ “Эрлийзжсэн хүүхэд эх орондоо илүүддэг, эсвэл бусдын элэг доог болдог” хэмээн хэл шинжлэлийн доктор Г.Буянтогтох хэлсэн байдаг. Монгол сэтгэлгээ бол уураг сүүгээ амлан, эхийн бүүвэйн дуу сонсож, ардын үлгэр туульс уншихаас эхэлдэг. Удам угсаагаа цэвэр авч явахаас эхэлдэг. Монгол хэлээ ч сураагүй балчир хүүхдийг гадаад хэлний гэх тодотголтой сургууль цэцэрлэгт явуулах нь элбэг болж. Дутуу алсан могой шиг болгож хаячихаад монголоо алдсан, ёс заншлаа гээсэн, ахмад буурлаа хүндэлсэнгүй гэж ярих нь дэндүү өрөөсгөл хэрэг биш гэж үү. Өдөр тутмын ажлын ядаргаанаасаа болоод хүүхэдтэйгээ байнга харьцаж, нээлттэй ярьдаггүйн уршгаар тэднийг өөрсдөөсөө түлхэн хөндийрүүлж байгаагаа эцэг эхчүүд тэр бүр ойлгодоггүй хэмээн сэтгэл судлаачид ярьж байна. Иймд иргэнээ монголжуулья гэвэл хүүхдийн нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, ардын үлгэр туульсдаа анхаарлаа хандуулах нь зүйтэй. Сүүлийн үед хүүхдийн нэвтрүүлгийг орхигдуулахгүйг хичээн ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаа нь сайшаалтай. Харин техник технологийн дэвшилд хүрсэн өнөө үеийнхэн тэртээ 1950-60-аад оны бүдүүн тоймын болхи хүүхэлдэйн кинонд татагдсаар байгааг ойлгож ядах юмгүй. 1950-60-аад он битгий хэл өнөөдрийг хүртэл монголын хүүхэлдэйн кинонд ямар ч шинэчлэл, дэвшил гарсангүй. Баримлын шавар, дүрст зураг солигдох төдийхнөөр багачуудад ёс суртахууны боловсрол олгоно гэвэл
хэтэрхий тоомжиргүй хандаж байгаагийн нэг илрэл. Ядаж гадаад хүүхэлдэйн киног монгол сэтгэлгээнд тохируулж үг хэллэгийг нь цэвэр монгол ярианы хэлбэрээр орчуулах хэрэгтэй. Нөгөөх, нөгөөдөх гэсэн үгийн ялгааг мэдэхгүй, жороо морийг донсолгоотой морь гэж орчуулах нь холгүй байна шүү дээ. Алдаа дутагдлаас илүүтэй алс хэтдээ яах вэ гэдгийг бодлого баригчид анхаарч энэ тал дээр анхаарал тавихгүй бол эрлийзэжсэн иргэдээ эргэж монголжуулахад эзэн
Чингисийн дайтай хөдлөх болох нь. “За, Монголчуудын юм хийнэ гэж хаана байсан юм ” гэж өөрөө өөрсдийгөө доош нь хийж үгүйсгэдэг үзэл амжилт өөд алхахад чөдөр тушаа болдог нь үнэн. Харин ч даяаршилтай хөл нийлүүлэн алхаж яваа монгол залууст орчин үеийн шийдэл, өнгө үзэмжээрээ ч тэр дэлхийн алдартай хүүхэлдэйн кино хийж чадах авъяас чадвар хангалттай бий. Зөвхөн тэднийг хөхиүлэн дэмжиж, нөөц бололцоог нь дайчлан, санхүү мөнгөний асуудлыг нь шийдээд өгчихвөл тун удахгүй Холливудын сэнтийд монголын хүүхэлдэйн кино залрахыг үгүйсгэх аргагүй. “Эрх цагаан ишиг”, “Гацуурхан” гээд хүний мөс, тусч чанар, найз нөхрөө гэх итгэл сэтгэл, амьтан, ургамал, байгалиа хайрлаж буйг дүрслэн үзүүлсэн хөөрхөн монгол кинонууд манай бяцхан ард түмэнд үгүйлэгдэж байна.

4 comments on “Тархинд соёолсон эрлийз сэтгэлгээний үр

  1. Gadaadad surch bhad hen ni iluu dayarshsan ni bish hen ni iluu ooriin ow soyoliig sursan, surtalchilj chadah tiim humuus amjilttai, sonirholtoigoor surch,amidarch chaddag yum shig sanagdsan. Ene tuhai bi bas ih boddog. Undesnii hew shinjee haruulsan buteel l delhiid unelegdej chadna. Duuraimal hezee ch jinhenee guitsdeggui shig bid busdiig duiraagaad hol yawahgui ni unen yum.

  2. энэ үнээн. залуу эцэг эхчүүдийг сургадаг, хүүхдийн хүмүүжлийн талаар ойлголт мэдлэг олгодог газар гэж алга шүү дээ. манай монгол ухаан ямар аугаа гэдгийг хэлж, амьдралд нь хэвшүүлж өгөхгүй л юм бол яаж төлөвших билээ дээ. харь орны соёл, урлагийг судлалгүй яах вэ. гэхдээ өөрийн үндэсний өв уламжлал, бахархлаа эхлээд гүн шингээж байж, дараа нь харийн нутгийг судалвал яалаа гэж бусдыг даган дуурайж гүйгээд байх вэ гэж бодогдох юм. хэн сайн бусдыг дуураж чадсан нь, хэн сайн харь хүн мэт болж маяглах аяддаг болсон нь бусдунхаа нүдэнд сонин харагддаг болсон явдал түгээмэл байгаа.

  3. хэлний тал дээр бүтэн өгүүлбэр хэлж чадахгүй хүүхдүүд их олон болж. хүний асуултанд бүтэн, бүрэн дүүрэн хариулах хүүхэд олдохгүй байна гээд бодохоор харамсалтай. энэ багштай холбоотой гэж бодохгүй байна. хүүхдүүд маань уншихаа больсонтой холбоотой. уншихгүй хүн сэтгэхгүй гэдэг. аугаа их ухаан, өв соёлтой ард түмэн байтлаа монгол хөрсөнд суухгүй гадны элдэв заншлыг магтах ч сайны тэмдэг биш байх аа. фэн шүи гээд байгаа бүхэн сайн судалвал манайд аль эртнээс байсан, өдий болтол улбаалж ирсэн ухаан, хэрэглэгдэхүүн юм байна лээ шүү дээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s