Gallery

Соёлын биет бус өв бол ард түмний оршин тогтнох үндэс

Монголын Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбаттай уулзаж ярилцснаа уншигчиддаа хүргэе.

Сүүлийн үед соёлын өв гэж хэвлэл мэдээллээр их ярьж байна. Манай улс соёлын өвийг бүртгэдэг конвенцэд яг хэдэн онд нэгдсэн бэ. Одоогоор Монгол Улс хэчнээн өвийг бүртгүүлж амжсан бэ?

С.Юндэнбат: Соёлын өвийг хамгаалах, тэр дундаа соёлын биет бус өвийг хамгаалах  асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Монголын төр урд нь “Түүх соёлыг хамгаалах тухай хууль” гэж  гаргаж байсан. Энэ нь зөвхөн биет бус соёлын өвтэй холбоотой хууль байсан юм. Соёлын биет бус өв гэдэг бол тухайн ард түмний оршин тогтнох гол эх үндэс нь байдаг гэдэг утгаар ЮНЕСКО хурц тавьсан л даа. Тиймээс ЮНЕСКО-гоос “Хүн төрөлхтөний утга соёл, аман үйл шилдэг дээжийг тунхаглах” гэдэг хөтөлбөрийг 2001 онд гаргаж Монгол Улс 2003 онд “Морин хуур бол уламжлалт урлаг” гэж дангаар нь бүртгүүлсэн. 2005 онд уртын дууг “Монгол ардын уртын дуу” гэдэг нэртэй, Монгол Улс, БНХАУ хамтарч бүртгүүлсэн юм. 2009 онд энэ нь өөр нөхцөлтэй болсон л доо. Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц 2003 онд батлагдаж Монгол улс 2005 онд нэгдэж орсон юм. Үүний дагуу “Соёлын биет  бус өвийн хүн төрөлхтөний төлөөллийн жагсаалт”-ыг бүртгүүлэх хэрэг гарсан. Мөн “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэл” гэсэн хоёр зүйлд дээрх конвенцэд нэгдэн орсон улс орнууд өөрсдийн өвөө бүртгүүлэх асуудал тавигдав. 2009 онд Монгол улс монгол ардын бүжиг, бие биелэгээ, монгол тууль, монгол цуурын уламжлалт урлаг гэсэн гурван төрлийг яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвд бүртгүүлээд байгаа. Цаана нь монгол ардын баяр наадам, монгол хөөмий гэсэн хоёр баримт бичиг ЮНЕСКО-д очоод судлагдах, хянагдах шатандаа явж байна даа.

Соёлын өв гэж яг юу вэ. Жишээ нь морин хуур, уртын дуу орлоо гэж байна. Гэтэл хүмүүс урлагийн нэг төрлийг соёлын өвд бүртгээд байна гэсэн ташаа ойлголттой яваад байдаг?

С.Юндэнбат: Соёлын өв гэдэг цаг үеийн шалгуурыг давсан, бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн, тухайн ард түмний оршин тогтнох үндэс болсон, түүх, соёл, угсаатан, шинжлэх ухаан, урлагийн ач холбогдолтой биет болон биет бус үнэт зүйлсийг хэлж байгаа юм. ЮНЕСКО-д бүртгүүлэх нь энэ тэдний өв, энэ эдний өв гэж хуваарилах гэж байгаа юм биш. Эцсийн зорилго нь юу вэ гэхээр хүн төрөлхтөний соёлын олон төрөл байдгийг тэр байгаагаар нь авч үлдэх явдал юм. Энэ даяаршлын эринд олон угсаа үндэстэнүүдийн өв зэрэгцэн оршиж байх ёстой. Орчин цагт соёлоор дамжуулж улс үндэстнүүдийг ойртуулах,
харилцан хүндэтгэлийг бэхжүүлэх гэсэн үзэл санааг тунхагласны үндсэн дээр соёлын өвийг бүртгэж баталгаажуулж байгаа. Сая хөөмийн асуудлаас болоод манай урд хөрш хөөмийг Монгол Улстай ярьж тохиролгүйгээр дангаараа бүртгүүлэх гэсэн нь ёс суртхууны хувьд зохимжгүй хэрэг. Тэнд байгаа хөөмийчдийн зарим нь манай нэртэй хөөмийчдийн шавь нар шүү дээ. Иймэрхүү аль нэгэн талын болгоомжгүй байдлаас болоод хүмүүсийг соёлоор нь ойртуулах, харилцан хүндэтгэл үзүүлэх зорилгынх нь эсрэг үйлчлэх хэм хэмжээнд хүрч байгаа юм. Үүнийг манайхан бас хэтэрхий эмзэглэж хүлээж аваад “Би нэг их юмаа дээрэмдүүлчихлээ” гэж ойлгож болохгүй. Харин үүний оронд байгаа өвөө хамгаалж сайжруулах ёстой. Бидний  юм, манай юм гэдэг үзэл бат байсан цагт энэ бол тэгтлээ эмзэглээд байх асуудал бас биш юмаа. Гэхдээ саяны хөөмийн асуудал манай залуучуудыг үндэс язгуур, өв соёлоо миний өв, манай соёл гэж хайрлах сэтгэл зүйн дархлаа үүсгэхэд ихээхэн хэрэг боллоо. “Монгол дээлээрээ гоёцгооё” хөдөлгөөн, “Хөөмий хамгаалах асиоциаци” гээд олон түмний идэвх санаачлага бол эерэг үр дүн юм. Хэтэрхий зудын хажуугаар зуд болгож олон түмний дунд бухимдуулах нь бас сөрөг үр дагавартай гэж бодож байна.  -Хөөмийг хятадууд өөрсдийнхөө өмч гэж яриад байна. Өөрийн өмч болгочихлоо гээд монгол залуучууд нэлээд бухимдалтай байна. Энэ нь магадгүй үндэсний үзлээ сэргээх,  өв уламжлалаа авч үлдэх, өөрсдийгөө идэвхжүүлэхэд бидэнд их хэрэгтэй байж мэдэх юм. Нөгөө талаас монгол дээлийг маань авах нь ээ гээд залуусын давалгаа гарч ирээд бужигнаад эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

С.Юүндэнбат: Ер нь олонхийн дотор буй цөөнх бол үндэсний ухамсар нь илүү хурц байдаг. Тиймээс ч Өвөрмонголчуудын хувьд монголын  зан үйл, өв соёл, ёс заншилтай холбоотой бүхнийг хадгалах, хамгаалах талын идэвх санаачлага илүү байж магадгүй. Манайхан бол ертөнцийг халхын хавтгайгаараа ойлгочихсон. Энэ хэзээ ч алга болохгүй, бид нэр их юмтай гээд цээжээ дэлдээд байдаг. Үнэндээ бид энэ том дэлхий дээр, хоёр том гүрний дунд оршиж байгаа жижигхэн улс гэдгээ ойлгодоггүй. Харин одооноос ойлгох шинж тэмдэг орж байна. Монгол дээлийн хийц бол манай өвөрлөгч нарын (тэд ч мөн монгол ахан дүүс шүү дээ) өмсдөг хээтэй, саатайгаасаа татгалзчихаад байгаа болохоос биш илүү өнгөний хослол, хийц маягаараа төв халхын дээл хувцас илүү таалагдаж байгаа хандлагатай. Монгол дээлийг яг байгаагаар нь ЮНЕСКО-д бүртгүүлэх үндэс байхгүй. ЮНЕСКО-гийн конвенцийн агуулга дотор монгол дээл өөрөө биет өвд ордог. Харин тухайн дээлийн хийх нарийн арга технологи нь биет бус өв гэдэгт орж байгаа юм. Учир нь өөр үндэстэнд байдаггүй онцлогийг нь харгалзан үзэж оруулна уу гэхээс тэр зургаан мянга гаруй үндэстэн ястан байгаа гэвэл тэд бүгд л өвөл, хавар, зун, намрын, ёслолын, ажлын гээд хувцас болгоныг бүртгээд байх боломж хязгаарлагдмал юм. Хамгийн гол нь алга болчих гээд байгаа, энэ зүйл устчихвал хүн төрөлхтөн түүгээр дутах, ховор, хосгүй, давтагдашгүй зүйлсийг л хамгаалах зорилготой.

Дархан цаазтай амьтныг хамгаалж, агнахыг хориглон өсөлт хөгжлийг нь нэмэгдүүлдэг. Үүнтэй адил хөөмийг бүртгүүлчихлээ гэж ойлгоход ЮНЕСКО-гоос  үнэлж баталгаажуулаад орхино гэсэн үг үү аль эсвэл түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар нэгэн ажил хийх үү?

С.Юндэнбат: Цаад утга нь бол хамгаалах л байхгүй юу. Манайхан бас хөөмийгөө бүртгүүлчихлээ гээд энгэрийн тэмдэг шиг хадчихаад санаа амарчих юм биш. Энийг яаж хамгаалах вэ гэдгийг нэр дэвшүүлсэн бичиг баримтандаа тусгаж оруулсан байдаг. Ингэж хамгаална гэж арга зам, зарах хөрөнгө мөнгийг нь хүртэл заасан дэлгэрэнгүй төлөвлөгөө байдаг юм. Тэр дагуу хамгаалах ёстой. Морин хуурыг хамгаалах тодорхой төсөл хэрэгжсэн. Орон нутагт байгаа уламжлалт өв гэдгээр нь хуучин татлага, хуучин хөг, хуучин хийцийг нь яаж авч үлдэх вэ гэдэг талаар ажлууд хийгдсэн. Хамгийн гол нь хаа хаанаа  дээр дооргүй тухайн өв соёлоо хамгаалах арга хэмжээ авахыг нь орхигдуулж байна. Устчихвий, хүнийх болчихвий гэж бодож л байгаа бол нэн тэргүүнд өөрийн мэт хамгаалж хайрлах хэрэгтэй юм.

http://www.nomadgreen.org- д нийтлэгдсэн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s