Gallery

“Нэг мод тарих нэг насны буян” гэдэг

“Хотоо цэцэрлэгжүүлье” гэж хуучин ярьдаг байлаа. Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн  удирдагчид хүртэл олон түмнийхээ сэтгэл санааг өргөхийн тулд хавсарга тавьсан хаврын хуйсгануур өдөр өөрсдөө хүрз барин нялх шинэс суулгадаг байсныг мэдэхгүй хүн гэж үгүй биз. Тэдгээр моднуудаас цөөн боловч ургасан нь бий л байх. Үүнийг хот байгуулалтын хэлээр “Ногоон байгууламж” гэх аж.

Зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн хорин жилд Монгол улсын хот суурин газрын ногоон байгууламж төдийлөн дорвитой нэмэгдсэнгүй. “Төсөв модоо барих нь” гэдэг яриатай байснаас төв суурин газраа модтой болгох тал дээр гар хумхин суусан нь гарцаагүй үнэн. Гэтэл хорвоо дэлхий зангаа хувиргаж эхэллээ.  Байгалийн онц ноцтой үзэгдэл гамшгийн хэмжээнд хүртлээ хүрээгээ тэлж буй нь хүн төрөлхтөн бидний толгойд  хүнд муна лугаа бууж байна.
Дээр дурдсан зүйл бол “Ногоон байгууламж”-тай холбоотой өнгөрсөн жилүүдийн ерөнхий хандлага. Харин одоо асуудлаа томруулан авч үзье.

Монгол орон газар зүйн хувьд өндөрлөг газарт оршдог. Тиймээс ч цөлжилт идэвхтэй явагдах гол шалтгаан болж байна. Гол мөрөн ширгэж, ган гачиг болохын цагт сая л бид ногоон бүс, ойн модны ид шидийг ойлгож, төр засаг төсөвийн хөрөнгөнөөсөө тэрбум тэрбумаар нь үрсэлгээ суулгац суулган мод бут услаж тордоход зарцуулж, ургуулж тарих ажилд санаа тавьж эхэллээ.

Гэтэл сайны хажуугаар саар зүйл хийгчид, сэргэлэн нь хэтийдчихсэн хүмүүс нэлээд байдаг бололтой. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой суулгац, нялх зулзган модыг нийлүүлэхээр хэд хэдэн байгууллага тендерт шалгарч үйл ажиллагаагаа явуулж байв. Гэвч хувь хүмүүс ууланд очиж, залуу нялх мододыг үндсээр сугалан авч хууль бусаар дамлаж зарж байсан хэрэг өнгөрсөн жил гарч байсан. Ууландаа жам ёсоороо ургаж л байсан юмыг ухаж, үндэсийг нь таслаад авчирчихаад ургуулсан ч юмгүй хэнд ч хэрэггүй болгож орхиж байсан нь харамсмаар. Нөгөө талаар эколги, байгаль орчны талаарх боловсрол нимгэн хүмүүс ашиг олох гэж унаган байгалийг эвдэн сүйтгэж байгаа бүр ч уур хүрмээр.

Эндээс байгаль орчинтойгоо хэрхэн зүй зохистой харьцах, хайрлаж хамгаалах талаар багаас нь хүүхэд багачуудад зүгээр нэг хэлээд өнгөрөх биш тархинд нь гүн гүнзгий суулгаж өгөх хэрэгтэйг дээрх жишээ хангалттай харуулж байгаа бус уу.

Нийслэлийн маань ойр тойрныг “ногоон диваажин” болгодог ой мод, гол горхи бут сөөг сүүлийн арваад жилд хөдөөнөөс шилжин ирэгсдийн хөлд талхлагдаж, ялангуяа ой мод ядуусын амьжиргааг залгуулагч хэрэгсэл болон хувирч, орчны газар нь ихээхэн доройтов. Иймээс ногоон бүсийг нөхөн сэргээх,  мод бут тарих ургуулах асуудлыг шинэ түвшинд гаргахыг шаардаж байгаа юм.

Ой мод ихэдснээс болж хот суурин болоод хувь иргэдийн амин чухал эрх ашигт хохирол учирна гэсэн ойлголт байхгүй. Харин эергээрээ эрүүл мэндээ хамгаалах, аятай тавлаг орчны асуудал болж байгаагаараа ач холбогдолтой.
Хулгайгаар мод бэлтгэн машин машинаар, вагон вагоноор нь урагшаа хойшоо хил дамнуулан наймаалах явдал газар авсаар… Хууль хяналтын байгууллага тэмцээд ч үр дүнд хүрэхгүй байгаа нь уг асуудал улам далд, нууцлагдмал болж байгаатай холбоотой. Үүнтэй холбогдуулан хулгайгаар мод огтлосон хүнд хичнээн төгрөгний торгууль ноогдуулж ямар арга хэмжээ авдаг болохыг сонирхсон юм.
Дэлхийн хөгжилтэй томоохон улсуудад ойн экологи, эдийн засгийн үнэлэгээ гэгчийг хийдэг. Манай орны хувьд  ойн сангийн үнэлэгээ харьцангуй хомс хийгддэг улсын тоонд ордог гэнэ. Гал түймэрт шатсан, хортон шавьжинд идэгдсэн, хууль бусаар огтлосон гээд ногоон бүстэй холбоотой олон шалтгааныг тодруулах, ойгоо хамгаалах, үнэ цэнийг өсгөх тал дээр үнэлэлт дүгнэлт өгдөг байх нь тун чухал. Ойн тухай Монгол улсын хууль нь  Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулийн нэг хэсэг бөгөөд уг хуулийн дагуу иргэд ойн санг тодорхой хугацаа, нөхцөл болзол, төлбөртэйгээр дундын хэлбэрээр эзэмшиж, ашиглаж болно хэмээн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заажээ.

Иймд Монгол улсын иргэн нь байгалийн баялагийн нэгэн хэсэг болсон ойн санг эзэмшиж, ашиглах бүрэн эрхтэйгээс гадна өөрсдийн хууль бус ажиллагаанаас ойн санд учруулсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэйг ч тусгасан аж.
Өчигдөрхөн, БОАЖЯ-аас ойн экологи, эдийн засгийн үнэлгээний шинэ журам батлагдав. Өнгөрөгч 2009 онд Монгол улсын хэмжээнд нийт нэг тэрбум 400 сая шоо метр мод ашигласан байна. Харин хууль бусаар мод огтолсон хүнийг 108 мянга ба түүнээс дээш мөнгөн төгрөгөөр торгодог аж. Нэг хүнд ноогдох ашиглаж болох модны хэмжээ урд нь 2,5-3 шоо метр байсан бол шинэчлэгдсэн журмын дагуу нэг хүнд нэг шоо метр мод ноогдохоор тусгагджээ.

Тэрчлэн монгол улсын хэмжээнд нэг жилд 860 мянган шоо метр модыг ашиглах нормыг тогтоосон байна. Ногоон бүсгүй болчих гээд байгаа  манай орны хувьд шинэчилсэн үнэлгээ гол хөшүүрэг болохоос гадна маш зөв шийдвэр гэдэгт маргах хүн үгүй биз ээ. Тиймээс ч шинэ журмаа үнэн зөв хэрэгжүүлэх нь хууль тогтоогчид болон биднээс шалтгаалах л үлдлээ.

Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг шар будаа тогтохтой адил ховор тавилан гэдэг. Мод ургана гэдэг ч бас түүнтэй адилхан гэнэ шүү. Хавар хаа сайгүй унгирал гэгч хөвөн цагаан юм улиас модноос хийсээд  байдаг. Энэ бол улиасны үр. Хэрвээ энэ үр болгон мод болж чаддаг байсан бол өдийд манай дэлхийд гуч, гучхан сантиметрийн зайтай битүү ногоон улиас бүрхэх байсан аж. Хэдийгээр ийм ч улиасны үр болгон улиас болдоггүй. Өөрөөр хэлбэл зүүний үзүүр дээр тогтсонгүй гэсэн үг. Харин бид нэг ч гэлээ модыг хашаандаа, хотынхоо нийтийн эзэмшлийн газарт ургуулж чадвал тэрбээрийг зүүний үзүүр дээр тогтоосонтой адил тавилангаар шагнаж буй гэж хэлбэл буруудахгүй байх. Нэг мод тарих нь нэг насны буян гэж ярьдаг ч нэг мод ургуулах нь нэг насны ажил байдгийг мартаж болохгүй. Ухсан нүхэнд улиас хатгачихаад “ургана уу, байна уу өөрөө мэд дээ” гээд орхичихвол нэг насны буян биш харин эсрэгээрээ энэ яваа насны нүгэл болж ч мэднэ. Нялх модыг ургуулж нахиалуулж, байргашуулж биеийг нь даалгуулж чадахгүй үхүүлэх юм бол хүч хөрөнгө, цаг хугацааг дэмий үрсэн төдийгүй амьд “амьтан” алж байгаа хэрэг юм.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s