Gallery

Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг

Бидний Тайваньд аялах аялалын хөтөлбөрийн нэг хэсэгт Жиа-И хот дахь бяцхан номын дэлгүүрээр орох багтсан байлаа. Эхэндээ эндээс бид ямар нэгэн ном  худалдаж авах нь дээ гэж бодож байсан ч очоод төд удалгүй учрыг ойлгов.  Биднийг очиход Ю Гоу Шин гэх нэгэн даруухан залуу дотноор угтаж авсан юм.

Тэрбээр Тайвань улсынхаа талаарх бүх л мэдээ мэдээлэл, түүхэн үйл явдлыг дотоод гадаадын хүмүүст номоор дамжуулан сурталчилдаг, түүхэн  ач холбогдолтой номуудыг уншаад уншигчидтайгаа санал бодлоо солилцон суудаг. Энэ үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж томорсоор өдгөө ном уншигчдын клубээ байгуулаад  арван жил болж байгаа аж.

Яагаад ингэж ярьж байна вэ гэхээр тэрбээр 21 насандаа анхны жижигхэн номын дэлгүүрээ олны хөл ихтэй газар нээж байснаасаа хойш чамгүй амжилтанд хүрснээ бидэнд дурсан ярьсан юм. Хамгийн гол нь ноён Ю Гоу Шингийн харагдаж байгаа байдлаас илүүтэйгээр түүний дотоодод эх нутаг, түүх соёл, зан заншлаа хэвээр хадгалж үлдэх гэсэн чин хүсэл, халуун сэтгэл хүчтэй төрдгийг мэдрэх бидэнд үнэхээр бахархалтай санагдаж байлаа. Энэ дашрамд монголчууд бид ч мөн эх орон, газар нутаг, түүх соёлоо яагаад ингэж  хайрлаж, хамгаалж тэмцэж болохгүй гэж хэмээн өөрийн эрхгүй бодогдож байсныг хэлэхэд илүүдэхгүй буй за.

Тайвань улсын гурав дахь том хот болсон Жиа-И хотод түүх, соёлын өв болсон эртний сайхан байшин барилга нэлээд байдаг ч түүнийг Засгийн газраас нь орчин үеийн барилга барих зорилгоор хайр гамгүй сүйтгэж байгаад Хүнь Ягийн сэтгэл их өвддөг аж. Тиймээс ч тэрбээр зүгээр гар хумхин суулгүй буруу бүхний эсрэг хүсэл зорилго, санаа бодол нийлсэн хэсэг нөхдийн хамт дуу хоолойгоо өргөсөн нь амжилтанд хүрч улмаар өөртөө соёлын өвөө хамгаалах итгэл найдварыг олж авч чадсан байна.

Төр засгийнхаа гаргасан шийдвэрийг эсэргүйцэн  дуу хоолойгоо нэгтгэж,  хатуу шийдвэрийг нь цуцлуулахаас аргагүй байдалд хүргэсэн тохиолдол ганц хоёроор дуусахгүйг түүний ярианаас мэдэж авав. Магадгүй уншигч танд орчин үеийн технологиор баригдсан өндөр сайхан байшингууд баригдах нь зөв хэмээн бодогдож болно. Гэтэл монголчууд бид буруу бодлого явуулж буй төрийн түшээдийнхээ өмнө үзэл бодлоо илэрхийлэхдээ эрх чөлөө хэдий байвч тэдний шийдвэрийг өөрчлөх, цуцлах  хүртэл нөлөөлж чадахгүй байгаагийн жишээ нь уул уурхайн олборолтын асуудал дээр тодхон харагдаж байна.

Иргэний хөдөлгөөнийхөн олон арваараа цугларан Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх, ард түмний өмнөөс эрх баригчдад шаардах бичиг өргөж, хэрэв энэ нь бүтэлгүйтвэл тэмцлийн хүнд хэлбэррүү шилждэг нь уламжлал шахуу болоод байгаа. Эрүүл мэнд, амь биеэ золиослоод ч өнөөг хүртэл өөрсдийн талд шийдүүлж байсан нь үнэндээ ховор шүү дээ.

Үүний нэгэн адил Ю Гоу Шин болон түүний нөхөд эхэндээ түүхэн уламжлалт өв соёлоо хадгалахын төлөө тэмцлийн хүнд хэлбэрийг сонгож байсан хэдий ч энэ нь ямар ч үр дүнд хүрэхгүй байжээ. Гэсэн ч тэд огтхон ч шантраагүй бөгөөд харин илүү зөөлөн, энхтайван замыг сонгосон нь өнөөгийн амжилтад хүргэж чадсан байна.

Түүний ажиллуулж байсан номын дэлгүүр нь ХХ зууны дунд үеийн Тайваны энгийн нэгэн иргэний амьдарч байсан хуучны байшинд байрлаж байжээ. Харамсалтай нь түүний бяцхан номын дэлгүүрийг Тайвань улсын Засгийн газраас нураах шийдвэр гаргаж оронд нь шинэ, орчин үеийн шаардлагад нийцсэн зочид буудлын барилга барихаар болов. Ю Гоу Шин бодсоны эцэст хуучин байшингаа хэвээр хадгалж үлдэх хамгийн зөв аргыг олсон байна. Энэ бол ард түмэнд хуучны өв соёлоо хадгалах нь чухам юунд хэрэгтэй вэ, яагаад хадгалах ёстой вэ гэдгийг ухуулан таниулах явдал юм. Тухайлбал соёлын түүхэн дурсгал, үнэт өв хэмээгдэж буй байшинд, гудамжинд ард иргэдийнхээ өөрсдийн гараар хийсэн эд зүйлс, чихэр жимсийг худалдаалдаг яармаг ажиллуулах, концерт, жүжиг тоглох зэргээр ирсэн, сонирхсон зочдын анхаарлыг өөрсдрүүгээ татдах замаар түүхийн өвөөсурталчилдаг байна. Жиа-И хотын иргэд  сайн дураараа  үзэл бодлоо нэгтгэн тэдний тэмцэлд нэгдсэн нь Тайваны засгийн газрын шийдвэрийг аргагүй өөрчлөхөд хүргэжээ. Ийнхүү Ю Гоу Шингийн нөхөд түүх ханхалсан хуучин байшингаа хадгалж үлдсэн төдийгүй өөрсдийн санаачилгаар гар бие оролцон  тэрхүү байшинг сэргээн засварласан нь олзуурхууштай.

Эргэн тойронд нь орчин үеийн хийц загвар бүхий олон барилга байшин байх агаад гагцхүү 1960- аад оны Тайваны жирийн ард түмэн хэрхэнамьдарч байсныг харуулах жижигхэн модон байшинг одоо кафе болгон ашиглаж байна. Хүссэн хэн бүхэн энд ирж кофе уунгаа хуучин үеийг нэхэн  дурсаж, түүх соёлоо битгий умартаасай гэдгийг хойч үеийнхэндээ цаг ямагт сануулах ажээ.

Яг ийм аргаар бас нэгэн түүхэн газрыг хадгалж чадсан юм. Энэ бол  Жиа-И хотын эртний шорон. Муу энергитэй, муухай газрыг нураачихсан ч яахав гэж хэнд ч бодогдох байх. Гэтэл тийм биш байж. Япончууд Тайвань улсруу довтлон олон зуун хүний амийг авч,  заримыг нь тэрхүү шоронд хийж удаан хугацаагаар тамлан тарчлаадаг байсан гэх аймшигт түүх тэнд хадгалаастай.  Хэдий тийм ч Япончуудыг ялан дийлж өөрийн жижигхэн арлаа, хотоо ямар үнэ цэнээр авч үлдсэн бэ гэдгийг дараа үеийнхэндээ ойлгуулах, мэдрүүлэх зорилгоор дээрх шоронг хамгаалах нь туйлын зөв хэмээн тэд шийдвэрлэжээ. Хамгийн гол нь энэ шоронгийн хуучин балгасыг харах тоолонд Тайвань иргэн бүр зүрхэндээ, сэтгэлдээ нэгийг санаж нэгийг бодож, тэрхүү түүхэн цаг мөчийг өөрийн биеэр туулсан мэт мэдрэх нь юу юунаас чухал юм.

Зөөлөн нь хатуугаа иднэ гэдэг үг байдаг. Хашгирч, орилж, гараа зангидан уухайлаад бүхнийг шийдэж чадахгүй гэдгийг Ю Гоу Шин яс махандаа хүртэл ойлгожээ. Тиймээс тэмцлээ ард иргэд рүү, тэр тусмаа тэдний оюун санааруу чиглүүлсэн нь хамгийн оновчтой арга болсон ажээ. Ухуулан таниулах ажиллагааг энд тэндгүй хийсний үр дүнд ард иргэд тэдний үйл ажиллагааг дэмжин нэгдсэн учир Тайваны засгийн газар цагаан алчуур даллаад бууж өгөхөөс өөр арга замгүй хоцорсон байна.

http://www.nomadgreen.org-д нийтлэгдсэн  2010/05/19

англи хэл дээр үзэхийг хүсвэл доорх линк дээр дарна уу.

http://en.nomadgreen.org/archives/2010/05/19/6930/

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s